Монгол судлалыг дэлхийд түгээж буй эрдэмтдэд төрийн дээд шагнал гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, монгол судлалын зүтгэлтнүүдийг шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн, судлаачдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Шагнал хүртсэн эрхмүүд нь Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, судалгааны эргэлтэд оруулах, олон улсын эрдэм шинжилгээний түвшинд хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хүмүүс юм.

Гавьяат багш цол хүртсэн эрхэм

Монгол судлалын салбарт олон жил ажиллаж, хойч үеийн судлаачдыг бэлтгэхэд хувь нэмэр оруулсан АНУ-ын Индианагийн их сургуулийн ахлах багш Лэгдэнгийн Цэрэнчунт “Гавьяат багш” цолоор шагнагдав.

Алтан гадас одонгоор шагнагдсан судлаачид

Монгол судлалыг олон улсад хөгжүүлэхэд идэвхтэй ажилласан дараах эрдэмтэн, судлаачдыг “Алтан гадас” одонгоор шагналаа.

БНХАУ-ын иргэн, Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан, профессор Шаравын Цэцэнцогт;

АНУ-ын иргэн, Орегоны их сургуулийн доктор, профессор Эстер Жэйкобсон-Тефер;

БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Угсаатны зүйн дээд сургуулийн багш, доктор, профессор Орломжавын Жагар;

БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн багш, профессор Сампилын Гарьд;

БНСУ-ын иргэн, Сөүлийн их сургуулийн Археологи, эртний урлагийн түүхийн тэнхимийн багш, доктор, профессор И Сонбуг;

ОХУ-ын иргэн, Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетийн Монгол, Төвөд судлалын тэнхимийн доктор, профессор Мария Павловна Петрова;

ОХУ-ын иргэн, Санкт-Петербург дахь Рерихийн гэр бүлийн үндэсний музей-хүрээлэнгийн захирал Алексей Анатольевич Бондаренко;

ИБУИНХУ-ын иргэн, Кэмбрижийн их сургуулийн профессор Дэвид Андрюс Снийт;

Япон Улсын иргэн, Осака их сургуулийн Хүмүүнлэгийн ухаан судлалын Азийн нэгдүгээр салбарын профессор Шиотани Шигэки;

Япон Улсын иргэн, Обирин их сургуулийн багш, профессор, Олон улсын хамтын ажиллагааны төвийн гишүүн Тоба Байкал;

АНУ-ын иргэн, Санта Барбара дахь Калифорнийн их сургуулийн тэргүүлэх доктор, профессор Весна Акимович Уоллес;

БНХАУ-ын иргэн, Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Муунохойн Хөхөө;

БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн доктор, профессор Жахчидайн Буяндэлгэр;

ХБНГУ-ын иргэн, Боннын их сургуулийн Монгол, Төвөд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Инес Штолпе;

БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн захирал, профессор Баатадын Цэнгэлт;

Израил Улсын иргэн, Хебрью их сургуулийн Ислам болон Зүүн дундад судлалын тэнхимийн профессор Михал Биран;

Япон Улсын иргэн, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн багш, доктор Кимүра Аяако;

ОХУ-ын иргэн, ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Евгений Павладьевич Рыбин;

БНХАУ-ын иргэн, Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төвийн захирал, профессор Ван Хао;

АНУ-ын иргэн, Хойд Жоржиагийн их сургуулийн доктор, профессор Тимоти Майкл Мэй.

Найрамдал медаль хүртсэн эрхмүүд

Монгол судлал, нийгэм, соёлын судалгааны чиглэлээр хувь нэмэр оруулсан хоёр судлаачийг “Найрамдал” медалиар шагнажээ.

Австри Улсын иргэн, ШУА-ийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Мариа-Катарина Ланг;

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын иргэн, Миннесота, Метро стэйт их сургуулийн туслах багш, доктор Габриэль Бамана нар энэхүү медалийг хүртлээ.

Монголын түүх, хэл, соёлыг дэлхийд таниулагчдад талархал илэрхийлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрдэмтэн судлаачид, тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, монгол судлалыг хөгжүүлэх цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.

Эдгээр шагнал нь Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг олон улсын хэмжээнд судалж, түгээн дэлгэрүүлж буй хүмүүсийн хөдөлмөрийг үнэлсэн чухал үйл явдал боллоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу