Монгол, Тажикистан 11 баримт бичгээр хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргалаа

Эмомали Рахмоны төрийн айлчлал үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монголд хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор нийт 11 баримт бичигт гарын үсэг зуржээ. Эдгээр баримт бичиг нь виз, тээвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, уул уурхай, геологи, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг олон салбарыг хамарч байна.

Дипломат болон албан паспорттой иргэд визгүй зорчино

“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Тажикистаны Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой болно. Энэ нь албан ёсны айлчлал, төлөөлөгчдийн солилцоог идэвхжүүлж, улс төр, эдийн засаг болон бусад салбарын харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болох юм.

Олон улсын автотээврийн шинэ боломж нээгдэнэ

“Олон улсын автотээврийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Тажикистаны Тээврийн сайд Азим Иброхим нар гарын үсэг зуржээ.

Энэхүү хэлэлцээр нь худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, дамжин өнгөрөх тээврийн шинэ гарц бий болгох ач холбогдолтой. Мөн гуравдагч орнууд руу тээвэрлэлт хийх, олон улсын зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэхээр байна.

Ургамал хамгаалал, хорио цээрийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ

“Ургамал хамгаалал ба хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Тажикистаны Хүнсний аюулгүй байдлын хорооны дарга Мухаммадсаид Файзуллозода нар гарын үсэг зурсан байна.

Уг баримт бичиг нь ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн тогтолцоог сайжруулах, хорио цээрт хөнөөлт организмын тархалтаас урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны аюулгүй байдлыг хангах зорилготой. Мөн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн болон бусад зохицуулалттай барааны импорт, экспорт, дамжин өнгөрөх шаардлагыг уялдуулах юм.

Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн замын зураглал батлагдлаа

“Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай 2026-2028 оны Замын зураглал”-д Цагаанхүүгийн Идэрбат болон Тажикистаны Хөдөө аж ахуйн сайд Курбон Хакимзода нар гарын үсэг зуржээ.

Энэхүү замын зураглалын хүрээнд ажлын хэсэг байгуулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл солилцох зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр байна.

Уур амьсгал, мөсөн гол, бэлчээрийн асуудлаар хамтарна

“Бэлчээрийн газрын нөхөн сэргээлт, мөсөн голын хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах тухай” санамж бичигт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Тажикистаны Байгаль орчныг хамгаалах хорооны дарга Баходур Шерализода нар гарын үсэг зурлаа.

Баримт бичгийн хүрээнд мөсөн гол, криосферийн судалгаа, хамгаалал, бэлчээрийн доройтлыг бууруулах, цөлжилт болон газрын доройтлын эсрэг хамтран ажиллах юм. Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойжуулалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр болжээ.

Залуучууд, спортын салбарт хамтын ажиллагаа өргөжинө

“Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан, Тажикистаны Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин нар гарын үсэг зурсан байна.

Энэ хүрээнд залуучуудын солилцоо, сайн дурын хөтөлбөр, оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх, спортын хүний нөөц бэлтгэх, тамирчдын хамтарсан бэлтгэл, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтарна. Мөн спортын салбарын хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, эрх зүйн орчныг сайжруулах боломжийг судлах юм.

Уул уурхайн аюулгүй ажиллагаанд дижитал технологи нэвтрүүлнэ

“Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Буриадын Дашпүрэв, Тажикистаны талын албаны дарга Исмоил Вализода нар гарын үсэг зуржээ.

Талууд ил болон далд уурхайн аюулгүй ажиллагааг хангах, уул уурхайн хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах, зөрчил дутагдлыг бууруулах, хяналт шалгалтад дижитал технологи ашиглах чиглэлээр хамтран ажиллахаар байна.

Боловсролын салбарт оюутан, багш, судлаач солилцоно

“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт Монгол Улсын Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, Тажикистаны Боловсрол, шинжлэх ухааны сайд Рахим Саидзода нар гарын үсэг зурсан байна.

Энэ баримт бичиг нь оюутан, багш, судлаач солилцох, хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулах, эрдэм шинжилгээний арга хэмжээг дэмжих, хамтарсан болон хос дипломын хөтөлбөр хөгжүүлэхэд чиглэж байна. Мөн богино хугацааны сургалт, тэтгэлэг, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Мэргэжлийн болон техникийн боловсролд хамтарна

“Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт Төмөр-Очирын Ням-Очир, Тажикистаны Бага, дунд мэргэжлийн боловсролын хорооны дарга Фарход Рахими нар гарын үсэг зуржээ.

Уг санамж бичгийн хүрээнд багш, суралцагч, дадлагажуулагчийн солилцоог дэмжих, хамтарсан сургалтын хөтөлбөр, судалгаа, төсөл хэрэгжүүлэх, сургалтын арга зүй болон шинэ техник, технологийн туршлага солилцохоор тохиролцсон байна. Мөн бага хурал, семинар зохион байгуулах замаар харилцаагаа өргөжүүлэхээр байна.

Геологийн судалгааны хамтын ажиллагаа эхэлнэ

“Геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай” санамж бичигт Монгол Улсын Үндэсний геологийн албаны дарга Намсрайн Мөнхбилэг, Тажикистаны Геологийн ерөнхий газрын дарга Илхомджон Оймухаммадзода нар гарын үсэг зурлаа.

Энэ нь геологийн салбар дахь хамтын ажиллагааг шинээр тогтоох, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, мэргэжилтэн, судлаачдын чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой юм. Мөн геологийн зураг зохиох, эрлийн ажилд орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр туршлага солилцоно.

Экспорт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Экспортын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Батсайханы Батбаяр, Тажикистаны Экспортын агентлагийн дарга Бахриддин Сироджиддинзода нар гарын үсэг зуржээ.

Энэхүү баримт бичиг нь экспортыг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдыг холбох, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна. Мөн форум, семинар зэрэг арга хэмжээ зохион байгуулж, хоёр улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцжээ.

Айлчлал олон салбарын харилцааг тэлэх дохио болов

Монгол, Тажикистаны хооронд байгуулсан 11 баримт бичиг нь хоёр улсын харилцааг зөвхөн дипломат түвшинд бус, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, уул уурхай, тээвэр, худалдаа зэрэг бодит салбаруудад өргөжүүлэх боломж нээж байна.

Ингэснээр хоёр талын хамтын ажиллагаа дараагийн жилүүдэд илүү идэвхжиж, албан айлчлалын үр дүн бодит төсөл, хөтөлбөрөөр хэрэгжих хүлээлт үүсгэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу