Ойрх Дорнод дахь хурцадмал нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ тэсэлгээний бодисын экспортдоо хориг тавих шийдвэр гаргасан ч энэ арга хэмжээнд Монгол Улс хамрагдаагүй талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ.
Уг асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням саяхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзаж, нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.
Тэсэлгээний бодис нь уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт өргөн ашиглагддаг бөгөөд олборлолтын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай гол хэрэглүүрүүдийн нэг юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, мөн тэсэлгээний ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй 104 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг гэсэн тооцоо бий. Үүнээс 45 нь импортын, 29 нь үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй аж.
Импортын зөвшөөрөлтэй компаниуд жил бүр ойролцоогоор 200 мянган тонн тэсрэх бодисын түүхий эдийг ОХУ болон Хятад улсаас оруулж ирдэг байна.
Хэрэв Монгол Улс ОХУ-ын энэхүү экспортын хоригт багтсан бол тэсэлгээний бодисын нийлүүлэлт тасалдах, улмаар уул уурхайн олборлолт болон холбогдох үйлдвэрлэлийн төлөвлөгөө саатах эрсдэл үүсэх нөхцөлтэй байсан юм.