Монгол Улсын экспортын орлого 2026 оны эхний есөн сарын байдлаар 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсжээ. Экспорт нэмэгдсэнээр гадаад валютын улсын нөөц есдүгээр сарын эцэст түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Экспортын нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.
Экспортын орлого 10 жилийн хугацаанд 3.4 дахин өсжээ
Монгол Улсын экспортын орлого сүүлийн 10 жилд 3.4 дахин нэмэгдэж, 2025 онд 15.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин 2026 оны эхний есөн сарын үзүүлэлт аль хэдийн 16.6 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн 2026 оны улсын төсөвт тусгасан экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл оны эхний есөн сарын байдлаар 100 хувьд хүрсэн байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ жилийн төлөвлөгөөтэй харьцуулахад:
- Зэсийн баяжмал — 100 хувь
- Нүүрс — 95.7 хувь
- Төмрийн хүдэр — 71.8 хувь
- Газрын тос — 65 хувь
байна.
Уул уурхайн бус экспорт 776 сая ам.долларт хүрэв
Уул уурхайн бус экспортын орлого эхний есөн сарын байдлаар 776 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.1 дахин өсжээ. Тухайлбал:
- Ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт 244 сая ам.долларт хүрч, 73 хувиар өссөн
- Арьс ширний экспорт 2.3 сая ам.долларт хүрч, 109 хувиар нэмэгдсэн
- Мах, махан бүтээгдэхүүний экспорт 84 сая ам.доллар болж, 11 хувиар буурсан байна.
Боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгчээ
Засгийн газраас экспортын тээвэр, хил дамнасан дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд:
- Гашуунсухайт боомтын зургаан замын уулзвар орчмын тээврийн хэрэгслийн түгжрэлийг бууруулж, экспортын урсгалыг нэмэгдүүлэх
- Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтын хил дамнасан төмөр замын холболтын ажлыг шуурхай эхлүүлэх
- Булган, Бичигт боомтод гаалийн автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарц, нүүрсний шинжилгээний лабораторийг 2026 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулах
- Гадаад худалдааны цахим нэг цонхны системийг нэвтрүүлэхэд шаардлагатай худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгчээ.
Экспортын орлогын өсөлттэй зэрэгцэн гадаад валютын улсын нөөц 8.9 тэрбум ам.долларт хүрч, валютын ханш тогтвортой байгаа талаар Засгийн газрын мэдээлэлд дурдсан байна.