Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3.6 саяд хүрсэн байна. Манай улс өмнө нь 2020 онд хүн амаа тоолсон бөгөөд түүнээс хойших хугацаанд хүн ам жилд дунджаар 1.4 хувиар өсжээ.
2025 оны завсрын тооллогыг аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулсан байна.
Тооллогын дүнгээс харахад Монгол Улсын нийт иргэдийн 3.5 сая орчим нь эх орондоо 6 сар болон түүнээс дээш хугацаагаар оршин суужээ. Үүнээс 3.4 сая нь Монгол Улсын иргэн байна.
Мөн манай улсад 6 сараас дээш хугацаагаар оршин суусан гадаадын 35.400 иргэн бүртгэгджээ. Харин аль ч улсын харьяалалгүй 18 хүн байгаа аж. Үүний зэрэгцээ Монгол Улсын 201 мянган иргэн гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч байгаа нь тооллогын дүнд туссан байна.
Монгол Улс анх 1918 онд хүн амаа тоолж байжээ. Түүнээс хойш нийт 11 удаа үндсэн тооллого, 2 удаа завсрын тооллого зохион байгуулсан байна. Эдгээр тооллогын мэдээллээс үзэхэд сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам 6 дахин өсжээ.
Хүн амын өсөлтийн хурд сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн байна. Тухайлбал, 2010-2020 оны хооронд Монгол Улсын хүн ам 542.2 мянган хүнээр нэмэгдсэн бөгөөд энэ нь жилд дунджаар 2.2 хувийн өсөлттэй тэнцэж байв.
Харин 2020-2025 оны хооронд хүн амын өсөлт харьцангуй саарч, жилд дунджаар 1.4 хувиар нэмэгджээ. Энэ хугацаанд нийт хүн ам 292.9 мянган хүнээр өссөн байна.
1990-ээд оны эхэн үеэс хойш монголчуудын төрөлт буурч байсан ч 2006 оноос эхлэн дахин нэмэгдэх хандлага ажиглагдсан юм. Улмаар 2014 онд 83 мянга орчим хүүхэд мэндэлж, Монгол Улсад хамгийн олон хүүхэд төрсөн жилээр тэмдэглэгдсэн байна.
Ийнхүү 2025 оны завсрын тооллогын дүн Монгол Улсын хүн амын өсөлт үргэлжилж байгаа ч өмнөх арван жилтэй харьцуулахад өсөлтийн хурд саарсныг харуулж байна.