17 тамирчнаас тав нь медаль хүртэв
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олон Улсын Жүдогийн Холбоо буюу IJF-ийн цуврал тэмцээн Тажикистаны Душанбе хотод зохион байгуулагдлаа. Нийт 34 улсын 240 жүдоч оролцсон тус Их Дуулгад Монгол Улсаас 17 тамирчин хүч үзсэн юм.
Монголын баг энэ удаагийн тэмцээнд хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, медалийн чансаагаар гуравдугаар байрт шалгарлаа.
Манай тамирчдаас:
- Эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь алтан медаль,
- Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч алтан медаль,
- Эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Ариунзаяа мөнгөн медаль,
- Эмэгтэйчүүдийн 63 кг-д Л.Энхрийлэн мөнгөн медаль,
- Эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна.
Ийнхүү Монголын эмэгтэй жүдочид Душанбе хотын татамид өндөр амжилт үзүүлж, багийн дүнгээр эх орныхоо нэрийг медалийн чансааны эхний гуравт багтаалаа.
ОХУ тэргүүлж, Тажикистан удаалав
Душанбегийн Их Дуулгын медалийн хүснэгтийг ОХУ-ын баг гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медальтайгаар тэргүүлжээ. Харин тэмцээнийг зохион байгуулагч Тажикистаны баг гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байрт орсон байна.
Мөн Польш, Итали улсын тамирчид тус бүр хоёр алтан медаль хүртсэн бол БНХАУ болон АНЭУ тус бүр нэг алтан медальтайгаар тэмцээнийг өндөрлүүлжээ. Нийт 18 улсын тамирчид ямар нэгэн медаль хүртсэн байна.
Жүдочдын дараагийн томоохон сорил энэ сарын 8-10-ны өдрүүдэд Казахстаны Астана хотод үргэлжилнэ. Тус тэмцээнд 38 орны 309 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монгол Улсаас 19 жүдоч өрсөлдөхөөр болжээ.