Монголд хиймэл оюунд суурилсан “Ногоон дата төв” байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 13-нд болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Ногоон дата төв”-ийн төслийг COP17-д танилцуулна

Монгол Улсад хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах төслийг Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-д танилцуулахаар шийдвэрлэжээ.

Мөн өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор өгөгдлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинд даалгасан байна.

Монгол орны сэргээгдэх эрчим хүчний байгалийн нөөцөд тулгуурлан хиймэл оюуны тооцоолуур бүхий “Ногоон дата төв” байгуулснаар олон улсын стандартад нийцсэн өгөгдлийн чөлөөт бүс бий болох боломжтой. Улмаар Монгол Улс бүс нутгийн дата хаб болон хөгжих нөхцөл бүрдэх юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд туссан их өгөгдлийн сан байгуулах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтуудыг бодит ажил болгох суурь алхам гэж үзэж байна.

Гадаад зээлийн ашиглалттай холбоотой хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Уг хуулийн үйлчлэлд Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг хамруулахыг тусгасан байна. Харин өөр төсөл нэмж оруулахыг хориглохоор заажээ.

Мөн эдгээр төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохоор тусгасан байна.

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрт өөрчлөлт оруулна

“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг мөн хэлэлцжээ.

Тодруулбал, “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2024 оны есдүгээр сарын 03-ны хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.

Хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протокол батлагдсанаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны хангамжийн салбар дахь хамтын ажиллагаа өргөжинө гэж үзэж байна. Ингэснээр агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөл бүрдэх юм.

Мөн агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлага хангасан шатахууныг тогтвортой, илүү хямд үнээр нийлүүлэх боломж бий болно гэж үзжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж талбайд бууж байна

БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зарим асуудлыг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, Анхдагч процессын болон дагалдах байгууламжууд буюу EPC 02, Үйлдвэрийн цахилгаан станц буюу EPC 03 багцын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээнд техникийн болон процессын шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсэн байна. Харин гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах асуудал үүнд хамаарахгүй аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг нийт дөрвөн EPC багцаар хэрэгжүүлж байгаа юм.

EPC 01 багцын ажил 2024 онд дуусаж, холбогдох барилга байгууламжуудыг ашиглалтад оруулжээ.

EPC 02, EPC 03 болон EPC 04 багцын тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдэж, БНЭУ болон бусад улсад үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж байна. Үүний зэрэгцээ барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байгаа аж.

EPC 02 багцад багтсан үндсэн технологийн, дагалдах болон туслах байгууламжийн барилга угсралтын ажлыг 2026 онд дуусгахаар төлөвлөсөн байна.

EPC 03 буюу үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гүйцэтгэл одоогоор 44.4 хувьтай байна.

Улсын хэмжээнд 44.6 мянган га талбайд тариалалт хийжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хаврын тариалалтын явцын талаар мэдээлэл өглөө.

2026 онд улсын хэмжээнд нийт 633.4 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Үүнд:

  • 372.7 мянган га-д үр тариа;
  • 16.0 мянган га-д төмс;
  • 18.3 мянган га-д хүнсний ногоо;
  • 121.9 мянган га-д малын тэжээл;
  • 104.1 мянган га-д тосны ургамал тариалахаар тусгасан байна.

Хаврын тариалалт тавдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд нийт 44.6 мянган га талбайд хийгджээ. Үүнээс 42.1 мянган га-д үр тариа, 1.1 мянган га-д төмс, 833 га-д хүнсний ногоо, 460 га-д тосны ургамал тариалсан байна.

“Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгож буй 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Мөн төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшнийг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байна.

Одоогоор 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэжээ. Харин өнөөдрийн байдлаар 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу