Монголын эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувийн өсөлт үзүүлжээ

Ерөнхийлөгч эдийн засгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яам, тус яамны харьяа байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийн ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр төрийн тэргүүн эдийн засгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй салбарынханд талархал илэрхийлсэн байна. Мөн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хэрэгжүүлсэн ажлууд, өрнүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн явц, гадаад харилцаа болон улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгчээ.

Эдийн засгийн өсөлт, экспорт, валютын нөөц нэмэгджээ

Ерөнхийлөгчийн онцолсноор өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өсөж, нийт хэмжээ нь 90 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн гэж тэмдэглэжээ.

Түүнчлэн гадаад валютын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Экспортын хэмжээ мөн өсөж, өнгөрсөн онд 15.7 тэрбум ам.доллар болсон гэж мэдээлжээ.

Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортлогч улс болох зорилт тавьжээ

Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, ган, хүнс, бордоо зэрэг стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь чухал гэдгийг Ерөнхийлөгч уулзалтын үеэр онцолсон байна.

Тэрээр Монгол Улс цаашид эдгээр бүтээгдэхүүнийг зөвхөн дотоод хэрэгцээндээ хангаад зогсохгүй экспортолдог улс болохын төлөө төр, засаг, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Мөн Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж бүрдсэн тул үүнийг бүрэн ашиглах ёстойг сануулсан байна.

“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөний үр дүнг танилцуулав

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон үр дүн гэж үзэж байна.

Мөн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж, 330 сая ам.долларт хүрсэн байна. Ингэснээр ноолуурын салбарын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдэх боломж өргөжжээ.

Экспортын бүтцийг төрөлжүүлэх шаардлагатайг онцлов

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уулзалтын үеэр экспортын бүтцийг төрөлжүүлэх, эрчим хүч, тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлжээ.

Мөн хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах нь эдийн засгийн цаашдын өсөлтөд чухал нөлөөтэйг онцолсон байна.

Томоохон төслүүдийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлнэ

Цаашид хэд хэдэн стратегийн томоохон төслийг төр, хувийн хэвшил, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтын оролцоотойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр
  • Байгалийн хийн хоолой дамжуулах төсөл
  • Нүүрс, пиролизийн үйлдвэр
  • Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк
  • Ган боловсруулах аж үйлдвэрийн парк
  • Хил дамнасан төмөр замуудын холболт
  • Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам
  • Жоншны үйлдвэр

Эдгээр төслүүд нь үйлдвэрлэл, экспорт, логистик, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэж байгаа бөгөөд улсын эдийн засгийн бүтэц, өсөлтийн суурийг өргөжүүлэх зорилготой юм.

Салбарын ахмадууд, эрдэмтэн судлаачдыг шагналаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Үндэсний хөгжлийн газрын дарга асан, төр, захиргааны ахмад зүтгэлтэн Намжилын Данаажавд Гавьяат эдийн засагч цол хүртээжээ.

Мөн Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Баасангийн Нэргүйд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол олгосон байна.

Үүнээс гадна эдийн засаг, шинжлэх ухаан, төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнажээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу