Хэлэлцээр өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр долоодугаар сарын 22-ноос албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Евразийн эдийн засгийн холбоо буюу ЕАЭЗХ нь ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз гэсэн таван улсыг нэгтгэдэг эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага юм. Эдгээр улс нийлээд 180 сая гаруй хэрэглэгчтэй томоохон зах зээлийг бүрдүүлдэг тул Монголын бизнес эрхлэгчдэд шинэ боломж нээгдэх хүлээлттэй байна.
367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт үзүүлнэ
Хэлэлцээрийн хүрээнд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд болон Монгол Улс нийт 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр тохиролцжээ.
Эдгээр барааг дөрвөн төрлийн нөхцөлийн дагуу харилцан хөнгөлөх бөгөөд энэ нь хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, экспорт, импортын урсгалыг идэвхжүүлэх зорилготой юм.
Монголын экспортын ихэнх нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн байна
Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байхаар байна.
Мөн бэлэн хувцас, сүлжмэл эдлэл, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний импортын гаалийн тарифыг тэглэх, зарим бүтээгдэхүүний тарифыг 50 хувь хүртэл бууруулах зохицуулалт багтжээ.
Өмнө нь Монголоос экспорт хийхэд 15-50 хувийн татвар төлдөг байсан зарим бүтээгдэхүүний татварыг тэглэснээр бизнес эрхлэгчид илүү өргөн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болно.
Экспорт хоёр дахин өсөх боломжтой гэж тооцжээ
Урьдчилсан тооцооллоор энэхүү хэлэлцээрийн үр дүнд Монголын экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.
Мөн гурван жилийн хугацаанд 150 сая ам.долларын ашиг олох боломжтой гэсэн тооцоолол гарчээ. Ялангуяа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир, сүлжмэл эдлэлийн салбарын аж ахуйн нэгжүүдэд шинэ зах зээлд өрсөлдөх боломж нээгдэх юм.
ЕАЭЗХ-ноос импортлох барааны ихэнх нь дотоодод хязгаарлагдмал үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн
ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргизээс Монголд импортлох 367 нэр төрлийн барааны 81.7 хувь нь Монголд үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс болон химийн салбарын бүтээгдэхүүн байна.
Үүнээс гадна 7.5 хувь нь аж үйлдвэрийн, 10.8 хувь нь хүнсний салбарын бүтээгдэхүүн байх аж. Тарифын хөнгөлөлтөд 222 аж үйлдвэрийн, 94 хүнсний, 51 эрдэс бүтээгдэхүүн хамрагдана.
Хүнс, химийн болон үйлдвэрийн бараа хямдрах боломжтой
Хэлэлцээрийн хүрээнд улаанбуудай, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг хүнсний бараа, мөн химийн болон үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Монголд илүү хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэхээр байна.
Инфляцад нөлөөлдөг зарим гол нэрийн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийн тарифыг бууруулснаар өрхийн хэрэглээний зардал буурах боломжтой гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ Монголын аж үйлдвэрийн салбарын импорт огцом өсөх тооцоолол гарсан байна.
Гурван жилийн дараа үргэлжлэх эсэх нь тодорхой болно
Худалдааны түр хэлэлцээрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр байгаа бөгөөд энэ хугацааны дараа аль нэг тал цуцлах хүсэлт гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр үргэлжилнэ.
Ингэснээр Монгол Улс 180 сая гаруй хэрэглэгчтэй зах зээлд хөдөө аж ахуй, мал аж ахуй, ноос ноолуур, арьс шир, сүлжмэл эдлэл зэрэг бүтээгдэхүүнээ илүү өргөн хэмжээнд нийлүүлэх боломжтой болж байна.