Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг ААШТ-д оролцлоо

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Гандинагар хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 28 орны 250 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

Монгол Улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлага дор дөрвөн тамирчин оролцжээ. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул, +86 кг-д дэд мастер Г.Чинболор, эрэгтэйчүүдийн 79 кг-д спортын мастер И.Амарсанаа, 94 кг-д спортын мастер У.Мөнхбаяр нар хүч сорьсон байна.

Эмэгтэй тамирчид “А” группт VI байр эзлэв

Эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд өрсөлдсөн үндэсний шигшээ баг, Спортын төв сургуулийн сурагч Г.Чинболор “А” группт VI байр эзэлжээ. Тэрээр огцом өргөлтөөр 81, 86, 88 кг, түлхэлттэй өргөлтөөр 103, 108, 112 кг өргөж, нийлбэр дүнгээр 200 кг-ын амжилт үзүүлсэн байна.

Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул амжилттай оролцож, VI байрт шалгарчээ. Тэрээр огцом өргөлтөөр 83, 86, 89 кг, түлхэлттэй өргөлтөөр 107, 113, 117 кг өргөж, нийлбэрээр 206 кг-ын амжилт гаргасан байна.

У.Мөнхбаяр хувийн амжилтаа 38 кг-аар ахиулжээ

Эрэгтэйчүүдийн 94 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, 30 дугаар сургуулийн сурагч тамирчин, спортын мастер У.Мөнхбаяр өрсөлджээ. Тэрээр огцом өргөлтөөр 123 кг, түлхэлттэй өргөлтөөр 151 кг, нийлбэрээр 274 кг өргөсөн байна.

Ингэснээр У.Мөнхбаяр өнгөрсөн жилийн долоодугаар сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн 236 кг-ын амжилтаа 38 кг-аар ахиулжээ.

Харин эрэгтэйчүүдийн 79 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер И.Амарсанаа оролцож, X байр эзэлсэн байна. Тэрээр огцом өргөлтөөр 108, 113, 118 кг, түлхэлттэй өргөлтөөр 126, 128 кг өргөж, нийлбэр дүнгээр 246 кг-ын амжилт үзүүлжээ.

Монголын хүндийг өргөлтийн холбоо өнгөрсөн хоёрдугаар сард үндэсний шигшээ багаа шинээр бүрдүүлсэн бөгөөд шинэ бүрэлдэхүүнтэй баг анхны олон улсын тэмцээндээ ийнхүү оролцлоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу