Усан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх долоо хоногт Хорват улсын Дубровник хотод болох гэж байна. Тус тэмцээнд Монгол Улсын баг оролцохоор болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Энэ удаагийн “Water Polo 4×4 Championships” тэмцээн дэлхийн хэмжээнд анх удаа “Water Polo 4×4” буюу дөрвийн эсрэг дөрөв форматаар зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Шинэ хэлбэрийн энэхүү тэмцээн нь тоглолтын хурд, багийн зохион байгуулалт, тактикийн шийдлийг илүү тод харуулах формат гэж үзэж байна.
Монгол Улсын 4х4 усан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Г.Сугар, Б.Бат-Оргил, Ч.Өлзийтөгөлдөр, Г.Дөлгөөнөө, Х.Очир, О.Сугар нар багтжээ.
Багийн ахлах дасгалжуулагчаар Ш.Содгэрэл ажиллаж байгаа бол багийн ахлагчаар “Токио-2020” Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон М.Дэлгэрхүү томилогдсон байна.
Дубровник хотод болох энэхүү тэмцээн нь Монголын усан бөмбөгийн багийн хувьд олон улсын тавцанд хүчээ сорих, шинэ форматын дэлхийн аваргад туршлага хуримтлуулах чухал боломж болох юм.
Ийнхүү Монголын баг “Water Polo 4×4” форматын анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, түүхэн гараагаа эхлүүлэхээр болжээ.