Монголын Water Polo баг дэлхийн аваргад анх удаа том сорилт хийнэ

Дубровник хотод дэлхийн тавцанд өрсөлдөнө

Монголын усан спорт сонирхогчдын холбооны Water Polo буюу усан бөмбөгийн баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тамирчид одоогоор “Legacy Swimming” клубийн төв бассейнд бэлтгэл хийж, олон улсын томоохон тэмцээний өмнөх бэлтгэлээ хангаж байгаа аж.

Water Polo 4×4 Championships тэмцээн 2026 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хорват Улсын Дубровник хотноо зохион байгуулагдана.

Дөрвийн эсрэг дөрөв форматын анхны дэлхийн тэмцээн

Энэ удаагийн дэлхийн аварга нь Water Polo 4×4 буюу дөрвийн эсрэг дөрөв форматаар зохион байгуулагдаж буй анхны тэмцээн гэдгээрээ онцлог юм. Усан бөмбөгийн уламжлалт хэлбэрээс илүү хурд, нягт зохион байгуулалт, богино зайд өндөр ачаалал шаарддаг энэ формат нь спортын хөгжилд шинэ өнгө төрх, шинэ эрч хүч авчрах түүхэн үйл явдал болж байна.

Монголын багийн хувьд ийм түвшний тэмцээнд оролцож буй нь усан бөмбөгийн спортын хөгжилд томоохон алхам болох юм.

Багийг Ш.Содгэрэл дасгалжуулж байна

Монгол Улсын 4×4 усан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагчаар Ш.Содгэрэл ажиллаж байна. Харин багийн ахлагчаар “Токио-2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон М.Дэлгэрхүү томилогджээ.

Багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид багтсан байна.

  • Г.Сугар
  • Б.Бат-Оргил
  • Ч.Өлзийтөгөлдөр
  • Г.Дөлгөөнөө
  • Х.Очир
  • О.Сугар

Монголын усан бөмбөгийн спортод шинэ хуудас нээгдэж байна

Энэхүү тэмцээн нь Монголын усан бөмбөгийн баг тамирчдын оролцож буй хамгийн өндөр түвшний, томоохон олон улсын тэмцээнүүдийн нэг болж байна. Дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх нь тамирчдын ур чадвар, туршлага, багийн зохион байгуулалтыг шалгах том боломж юм.

Монголын Water Polo багийн Дубровник дахь оролцоо нь зөвхөн нэг тэмцээний амжилтаар хязгаарлагдахгүй, цаашид энэ спортын нэр хүнд, сонирхогчдын хүрээг нэмэгдүүлэх чухал үйл явдал болох төлөвтэй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу