Морингийн давааны 3.7 тэрбум төгрөгийн зам жилийн дараа ашиглалтад орлоо

Барилгын хог дахин боловсруулах үйлдвэр хүртэл хатуу хучилттай зам тавигдав

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны авто замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 километр урт авто зам ашиглалтад оржээ.

Тус замын барилгын ажлыг 2025 онд эхлүүлсэн бөгөөд нэг жилийн дараа хөдөлгөөнд бүрэн нээж байна.

Хоёр эгнээтэй, гэрэлтүүлэг, явган хүний замтай

Шинээр ашиглалтад орсон авто зам нь хоёр эгнээтэй бөгөөд зорчих хэсгийн өргөн долоон метр юм. Мөн замын хоёр талаар явган хүний зам байгуулж, гэрэлтүүлэг суурилуулсан байна.

Үүнээс гадна ус зайлуулах хоолойтойгоор төлөвлөж барьсан нь бороо, шар усны үед замын эвдрэл, ус тогтохоос сэргийлэх ач холбогдолтой аж.

Хүнд даацын машинд зориулж суурийг нь бэхжүүлжээ

Энэхүү авто замыг “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” рүү зорчих хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулан барьсан байна.

Тиймээс замын суурийг цементээр бэхжүүлж, ачааны автомашинууд удаан хугацаанд тогтвортой зорчих боломжтойгоор гүйцэтгэжээ. Ингэснээр үйлдвэр рүү явдаг хүнд даацын машинууд өмнөх шигээ шороон замаар бус, хатуу хучилттай авто замаар хөдөлгөөнд оролцох боломж бүрдэж байна.

“Эко эвсэг зам” ХХК ажлыг гүйцэтгэв

Морингийн давааны 1.5 километр авто замын барилгын ажлыг “Эко эвсэг зам” ХХК гүйцэтгэсэн байна.

Төсөл нь нийслэлийн замын сүлжээг сайжруулах, үйлдвэрийн бүс рүү чиглэсэн тээврийн хөдөлгөөнийг илүү аюулгүй, зохион байгуулалттай болгох зорилготой аж.

Төсөвт өртөг 3.7 тэрбум төгрөг

Нийслэлийн 2026 оны төсөвт Морингийн давааны авто замаас ландфилийн талбай хүртэлх авто замыг барихад Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөс 3.7 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна.

Шинэ зам ашиглалтад орсноор Морингийн даваа орчмын тээврийн нөхцөл сайжирч, барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн хөдөлгөөн илүү саадгүй болох төлөвтэй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу