“Мянган морьтон” Тэрэлжид чуулна: Морьт харваа, эмнэг сургах тэмцээн, морин шоу болно

Монгол адууны соёл, өв уламжлалыг сурталчлах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой “Мянган морьтон” арга хэмжээ 2026 оны есдүгээр сарын 5, 6-нд зохион байгуулагдана.

Хоёр өдрийн арга хэмжээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-д болох бөгөөд адууны соёлтой холбоотой олон төрлийн тэмцээн, үзүүлбэр, худалдааг нэг дор зохион байгуулахаар төлөвлөжээ.

Морьт харваанаас эхлээд эмнэг сургах тэмцээн болно

“Мянган морьтон” арга хэмжээний үеэр үзэгчдэд зориулсан морин спорт, үндэсний өв соёлын олон хөтөлбөр зохион байгуулна.

Үүнд:

  • “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн
  • “Адуун төвөргөөн” морьт жагсаал
  • “Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт
  • адуучдын ур чадварын тэмцээн
  • эмнэг сургах тэмцээн
  • жороо морины үзүүлбэр
  • дэмбээний тэмцээн
  • морин хуурын үзэсгэлэн худалдаа
  • гар урлалын үзэсгэлэн худалдаа

зэрэг арга хэмжээ багтжээ.

Ингэснээр зочид зөвхөн морьдын үзүүлбэр сонирхоод зогсохгүй Монголын уламжлалт ахуй, урлаг, гар урлалтай нэг дор танилцах боломжтой болох юм.

Монгол Улс морьтны жагсаалаар “Гиннес”-ийн амжилт тогтоож байв

Монгол Улс адууны соёлтой холбоотой томоохон арга хэмжээг өмнө нь олон улсын хэмжээнд зохион байгуулж байсан түүхтэй.

Тухайлбал 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, “Гиннес”-ийн дээд амжилтад бүртгүүлж байжээ.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан юм.

Монгол Улс нэг хүнд ногдох адууны тоогоор дэлхийд тэргүүлдэг

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар дэлхий дээр нийт 60.8 сая орчим адуу байдаг аж.

Үүнээс таван сая гаруй нь Монгол Улсад байгаа бөгөөд манай улс нийт адууны тоогоор дэлхийд дөрөвдүгээр байрт ордог байна.

Харин нэг хүнд ногдох адууны тоогоор Монгол Улс дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг аж.

Иймээс “Мянган морьтон” арга хэмжээ нь үндэсний адууны соёлыг хадгалан хамгаалахаас гадна гадаад, дотоодын жуулчдад Монголын морьт уламжлалыг өргөн хүрээнд таниулах аялал жуулчлалын онцлох арга хэмжээ болохоор байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу