Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл АНУ-ын эмэгтэй оюутны сагсан бөмбөгийн NCAA D1 түвшинд тэтгэлэгтэй тоглох анхны Монгол эмэгтэй тамирчин боллоо.
3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй шигшээ багийн хамгийн залуу гишүүн тэрээр өнгөрсөн жилээс АНУ-ын оюутны лигт тоглож эхэлсэн юм. Харин энэ удаа Tennessee State их сургуулийн эмэгтэй баг Н.Нандинхүсэлийг бүрэлдэхүүндээ элсүүлснээ албан ёсоор зарлажээ.
Ингэснээр Н.Нандинхүсэл АНУ-ын NCAA D1 түвшний багаас тэтгэлэг авсан Монголын хоёр дахь, харин эмэгтэйчүүдээс анхны тамирчин болж байна. Түүнээс өмнө Ш.Энхийн-Од D1 тэтгэлгээр АНУ-д суралцаж, тоглож байсан бөгөөд энэ жил төгсөж байгаа юм.
Өдгөө 19 настай Н.Нандинхүсэл өнгөрсөн улиралд NCAA DII түвшний Florida Tech Panthers багт тоглосон. Тэрээр нийт 17 тоглолтод оролцож, үүнээс 13-т нь гараанд гарсан байна. Улирлын турш 197 оноо авч, өнгөрсөн арваннэгдүгээр сард нэг тоглолтод 28 оноо авсан нь түүний хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Tennessee State Lady Tigers баг 1977 оноос хойш оюутны лигт өрсөлдөж байгаа түүхтэй. Тус баг NCAA-ийн хасагдах шатанд 1994, 1995, 2015 онуудад нийт гурван удаа шалгарч байжээ.
Одоогоор багийн ахлах дасгалжуулагчаар WNBA-ийн аварга, бүх оддын тоглолтод долоон удаа оролцсон Кэндис Дюпри ажиллаж байна. Тэрээр Tennessee State Lady Tigers багийг хоёр дахь улиралдаа удирдах юм.
Н.Нандинхүсэлийн D1 түвшинд шилжсэн нь Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн хувьд түүхэн алхам болж байна. Түүний энэ амжилт Монголын залуу тамирчдад АНУ-ын оюутны лигийн өндөр түвшинд өрсөлдөх боломж байгааг харуулж байна.