Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль нь хөрөнгө оруулагч, хувийн хэвшилд орон зай нээх чөлөөлөлт юм

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 3-нд боллоо.

Тус хуралдаанаар “Чөлөөлье” бодлого болон “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн хүрээнд Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэв. Улмаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ.

Бизнесийн эрх чөлөөг хангах зарчмыг баталгаажуулах;

Төрийн оролцоог бууруулж, бизнес эрхлэгчдэд учирдаг дарамтыг багасгах;

Төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг жагсаан тодорхойлж, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрхийг хамгаалах.

“Энэ хууль бол зах зээлд хэт оролцдог төрийн зуршлыг хуулиар хааж, хувийн хэвшилдээ зах зээл, орон зай нээж буй чөлөөлөлт юм” гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Төр бизнесийн үйл ажиллагааг ямар ч тохиолдолд хязгаарлахгүй байх зарчмыг баримталж ажиллах”-ыг анхаарууллаа.

Бизнес эрхлэгчдэд эрх зүйн шинэ зохицуулалтад дасан зохицох хугацаа олгох, хувийн өмчийн халдашгүй байдлыг хангах, мөн бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагчдад хамаарах төрийн шийдвэрийг нээлттэй, ил тод байлгах нь уг хуулийн зорилго аж.

Тус хуулийн төсөлд тухайлбал дараах зохицуулалтыг тусгасан байна.

Хөрөнгө оруулагчийн шийдвэрлэгдэхгүй байгаа гомдлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлдэг байх;

“Цахим бизнес эрхлэгч”-ийг хуулиар зөвшөөрөх;

Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог жилд хоёроос ихгүй байхаар тогтоох;

Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үүсгүүрт ашиглах зай хураагуур, ногоон ус төрөгчийн үйлдвэр байгуулах, мөн ногоон дата төв, хиймэл оюуны дата төв барихад татварын дэмжлэг үзүүлэх;

Дэвшилтэт технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ, нийтийн орон сууцны барилга угсралтын салбарт ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх;

Байгаль орчин, санхүү, барилга, зам, тээвэр, боловсрол, уул уурхай, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт 120 гаруй энгийн зөвшөөрөл олгох эрхийг Мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх;

Зөвшөөрөл хүсэгч болон эзэмшигчээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үед татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавьдаг зохицуулалтыг хасах.

Мөн хуулийн төслийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон нийт 105 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу