“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр” Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцон үг хэллээ.
Ерөнхий сайд Засгийн газар “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг хэрэгжүүлж байгааг онцлов. Энэ хүрээнд эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг чөлөөлөлтийг бодит ажил болгохоор ажиллаж байна гэв.
Мөн Засгийн газар улс оронд тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх, үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэгчид болон бизнесүүдийг дэмжих чиглэлд анхаарч ажиллана гэж мэдэгдлээ.
Эрүүл мэнд, боловсролын салбарын эмч, багш, ажилтнуудын цалинтай холбоотой асуудлыг шийдвэрлэснээр салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодтой байгуулсан хамтын хэлэлцээрийн дагуу тохирсон цалин нэмэгдүүлэх нөхцөлийг Засгийн газар биелүүлэх боломж бүрдсэн байна.
2026 онд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд өсөлтөө хадгалах эерэг төлөвтэй гэж үзэж байна. Тухайлбал, ажиллагчдын тоо 20 мянган хүнээр нэмэгдэх хүлээлттэй байгаа аж. Эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн эерэг өөрчлөлтийг хадгалахын тулд ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн эрх чөлөө олгох, хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, нийгмийн түншлэлийг дэмжих нь Засгийн газрын гол бодлого гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Халамж, тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлнэ
Засгийн газар эдийн засаг, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийг тууштай хэрэгжүүлж, төсвийн үр ашиггүй зардлыг бууруулан, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээр ажиллана гэв. Мөн олон Засгийн газар дамжин шийдлээ хүлээж ирсэн асуудлуудыг суурь реформоор шийдвэрлэхээ мэдэгдлээ.
Тухайлбал, олон жил яригдсан нийгмийн халамжийн шинэчлэлийг эхлүүлэхээр Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үүнээс гадна Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлнэ гэж Ерөнхий сайд онцоллоо. Бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийх, төлсөн шимтгэлтэйгээ уялдсан тэтгэвэр авдаг шударга зарчимд шилжих бодлого баримтлахаар төлөвлөжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд тэтгэвэр, нийгмийн даатгалын шинэчлэлийн багц арга хэмжээг удахгүй танилцуулах аж.
Мөн төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг салбарын 30 гаруй хуулиар ялгаатай зохицуулж буй одоогийн тогтолцоог өөрчилж, цалин хөлсний нэгдсэн бодлогоор зохицуулах чухал алхмуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр байна.
2026-2028 оны хэлэлцээрийг байгуулна
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх нь боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарын гол чиглэл байх болно гэж Ерөнхий сайд хэллээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоо, дэмжлэг чухал болохыг онцолсон байна.
МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 1-нд зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал, цуглаан”-аас Засгийн газарт ирүүлсэн шаардлагыг хүлээн авч, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, салбарын хэлэлцээрт анхаарахыг Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш хоёр жил тутамд нийт 11 удаа байгуулсан байна. Харин 2022 оноос эхлэн уг хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулж байгаа юм.
2023-2025 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг өнгөрсөн онд дүгнэсэн бол энэ удаа 2026-2028 оны шинэ хэлэлцээрийг байгуулахаар болж байна.
Шинэ хэлэлцээрт нийгмийн даатгал, халамжийн шинэчлэл, цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зэрэг арга хэмжээнүүд тусжээ.
Ерөнхий сайд Н.Учрал эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Засгийн газар нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.