Н.Учралын Засгийн газарт шахалт нэмэгдэв: Ерөнхийлөгч сайд нарыг дуудаж уулзаж эхэлжээ

Ерөнхий сайдыг огцруулах улс төрийн акц эхэлсэнтэй давхцав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын зарим сайдыг өрөөндөө дуудан уулзаж байгаа талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлын эхэнд УИХ-ын гишүүн Б.Заяабал хэлжээ.

Энэ үйл явдал нь Ерөнхий сайд Н.Учралд чиглэсэн улс төрийн шахалт нэмэгдэж, түүнийг огцруулах асуудлыг Ардчилсан нам хөндөж эхэлсэнтэй давхцаж байна.

Хугацаат цэргийн алба хаагчдын асуудал сайдын хариуцлагатай холбогдов

Сүүлийн үед хугацаат цэргийн алба хаагчид удаа дараа амиа алдах, алга болох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг ноцтой асуудал гарч байгаа тул Батлан хамгаалахын сайд Д.Батлут улс төрийн хариуцлага хүлээж, огцрох ёстой гэж АН шаардаж байгаа юм.

Гэвч Д.Батлут өөрийн хүсэлтээр огцрохгүй байгаа тул түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж эхэлсэн байна.

Н.Учрал хариу өгөөгүй тул шаардлага өөрт нь чиглэжээ

АН-ын тавьсан шаардлагад Ерөнхий сайд Н.Учрал одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй гэж тус нам үзэж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулах акц эхлүүлж буйгаа АН-ын дарга О.Цогтгэрэл өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.

О.Цогтгэрэл “Хэрэв Ерөнхий сайд хариуцлага алдсан салбар, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Д.Батлут сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй. Энэ хүрээнд намын дарга, бүлгийн дарга асуудлыг хариуцаж, шийдэл гаргаж ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Засгийн газарт анхаарал хандуулж эхэлсэн үү

О.Цогтгэрэлийн мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын асуудалд анхаарал хандуулж, сайд нартай биечлэн уулзаж эхэлсэн гэх мэдээлэл гарчээ.

Одоогоор Ерөнхийлөгч ямар сайд нарыг дуудсан, уулзалтаар яг ямар асуудал хэлэлцсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Гэсэн ч улс төрийн нөхцөл байдал хурцдаж буй энэ үед Ерөнхийлөгчийн уулзалтууд анхаарал татаж байна.

Засгийн газар байгуулагдаад хоёр сар болж байна

Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад хоёр сар орчим болж байгаа юм. Богино хугацаанд ажиллаж буй шинэ Засгийн газрын хувьд Батлан хамгаалах салбарт үүссэн асуудал, сайдын хариуцлагын шаардлага, Ерөнхий сайдад чиглэсэн огцруулах акц зэрэг нь томоохон улс төрийн сорилт болж байна.

Ингэснээр Д.Батлут сайдын асуудал зөвхөн салбарын сайдын хариуцлагаар хязгаарлагдахгүй, Ерөнхий сайд Н.Учралын улс төрийн хариуцлагатай шууд холбогдож эхэллээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу