Нацү башёд сенсаац үргэлжилж, озэки Киришима Б.Лхагвасүрэн тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башё өрнөж байгаа бөгөөд монгол бөхчүүдийн амжилт, бэртэл гэмтлийн мэдээ олны анхаарлын төвд байна.

Цолтнуудын бэртэл башёгийн өрсөлдөөнийг өөрчиллөө

Энэ удаагийн банцүкэд хоёр ёкозүна, гурван озэки цолтон бичигдсэн ч тэмцээн эхлэх үед 75 дахь ёкозүна Ооносато болон озэки Аонишики нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон. Харин башёгийн эхний өдөр 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн бэртэл авч, тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүйгээр орхисон юм.

Мөн өчигдөр комүсүби Такаясү бэртлийн шалтгаанаар дохёд гарсангүй. Үүний дараа тавдугаар сарын башё цолтой таван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилж байна.

Киришима Б.Лхагвасүрэн дөрвөн даваатай тэргүүлэгчдийн эгнээнд явна

Хаврын башёд түрүүлж, озэки цолоо эргүүлэн авсан Киришима Б.Лхагвасүрэн энэ удаагийн Нацү башёд хүчтэй эхлэлийг тавиад байна. Тэрээр одоогоор дөрвөн даваа, уналтгүй амжилтаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

Харин макүүчи зиндааны 100 дахь башёдоо барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил одоогоор даваа авч амжаагүй явна. Түүнчлэн жюүрёо зиндаанд Монголын хоёр бөх уналтгүй тэргүүлж байгаа бол макүшитад барилдаж буй Ваканофүжи Т.Бөхчулуун гэмтлийн улмаас башёг орхихоор болжээ.

Доор Нацү башёд оролцож буй монгол бөхчүүдийн явцыг танилцуулж байна.

Макүүчи

  • Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн — өнжсөн
  • Озэки Киришима Б.Лхагвасүрэн — 4-0
  • М-З-7 Чиёошома Г.Мөнхсайхан — 2-2
  • М-З-8 Оошёома П.Дэлгэрбаяр — 2-2
  • М-Б-8 Асахакүрюү Р.Жамъянтогтох — 2-2
  • М-Б-12 Тамаваши Б.Мөнх-Оргил — 0-4
  • М-Б-14 Рога А.Амарсанаа — 3-1

Жюүрёо

  • З-1 Оонокацү Б.Чойжилсүрэн — 2-2
  • З-3 Дэванорюү Т.Тэмүүлэн — 0-4
  • З-4 Кёкүкайюү Ш.Далайбаатар — 4-0
  • Б-7 Тошинофүжи Ө.Дэмиджамц — 4-0
  • Б-12 Тамашёохо Э.Энхманлай — 3-1

Макүшита

  • З-3 Ваканофүжи Т.Бөхчулуун — өнжсөн
  • Б-8 Хокүтэнкай Г.Сүхбат — 1-1
  • З-18 Казэноүми Ц.Билгүүн — 1-1
  • З-39 Тацүбаяма М.Буянтогтох — 2-0
  • З-46 Тэнросэй С.Лувсангомбо — 1-1
  • Б-48 Саданохикари Д.Наранцогт — 0-2

Санданмэ

  • З-2 Госэйзан Б.Мөнх-Од — 2-0
  • З-6 Асахифүжи Б.Очирсайхан — 2-0
  • З-23 Сачинофүжи Г.Оргил — 1-1
  • З-55 Тэншёояма Г.Отгонбат — 2-0

Жонокүчи

  • З-15 Хакүгэцүро А.Сүхбат — 2-0
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу