НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж, зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож, бусад хэд хэдэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон байна.
Шүүхийн шийдвэрийн талаар шүүгч Л.Баатарын бичсэн тоймд дурдсанаар гэм буруугийн шүүх хуралдааныг 2026 оны есдүгээр сарын 18-ны 09:00 цагт эхлүүлжээ. Ажлын цаг дууссан тул хурлыг есдүгээр сарын 21-ний 09:00 цаг хүртэл завсарлуулж, үргэлжлүүлэн хэлэлцсэн байна.
2005-2020 онд эхнэрээ байнга зодсон гэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ
Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Н-г 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2016, 2019, 2020 онуудад байнга зодсон гэж буруутгасан хэсгийг шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүхийн тоймд:
“…гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н-г байнга буюу 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2016, 2019, 2020 онуудад зодсон” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож”
хэмээн дурджээ.
Гэхдээ шүүх Б.Эрдэнэсүхийг бусад үйлдлүүдээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэл болон мөрдөн мөшгөсөн хэрэгт гэм буруутайд тооцжээ
Шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллийн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн гэж үзжээ.
Мөн Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон байна.
Үүнээс гадна мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа бусдыг мөрдөн мөшгөсөн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэжээ.
Хохирогчдын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон байна
Шинжээчийн дүгнэлтээр насанд хүрсэн хохирогч Н-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг дөрөвдүгээр зэрэглэлээр, насанд хүрээгүй хохирогч Н-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тус тус тогтоожээ.
Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан жишиг аргачлалд дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45.99 дахин, гуравдугаар зэрэглэлийг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож болохоор заасан байдаг.
Үүний дагуу шүүх насанд хүрсэн хохирогч Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 27.72 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.
Харин насанд хүрээгүй хохирогч Н-д 792,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 15.84 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.
Ингэснээр шүүгдэгчээс нийт 43.56 сая төгрөг гаргуулж, хоёр хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
Шүүх хурлыг есдүгээр сарын 28 хүртэл завсарлуулав
Б.Эрдэнэсүх болон түүний өмгөөлөгчид хохирлын төлбөрийг барагдуулах зорилгоор ажлын тав хоногийн завсарлага хүссэн бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасан тохиолдолд шүүх хурлыг завсарлуулж болох бөгөөд уг хугацаа ажлын тав хоногоос хэтрэхгүй гэж заасан байдаг.
Үүнийг үндэслэн шүүх хурлыг 2026 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цаг хүртэл завсарлуулжээ.