Meta ухаалаг утасны дараах шинэ төхөөрөмжөө танилцууллаа: “Meta Charm” AI туслахтай

Meta компани хиймэл оюун ухаанд суурилсан шинэ зүүдэг бус, гар төхөөрөмж болох “Meta Charm”-аа танилцуулжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Mark Zuckerberg есдүгээр сарын 23-нд төхөөрөмжийг олон нийтэд үзүүлсэн байна.

“Meta Charm” нь “Muse” нэртэй AI туслахтай бөгөөд хэмжээний хувьд AirPods-ийн кейстэй ойролцоо аж. Төхөөрөмж 5 сантиметрийн мэдрэгчтэй дэлгэцтэйгээс гадна 5G сүлжээнд холбогдох боломжтой гэж мэдээлжээ.

Mark Zuckerberg-ийн мэдэгдсэнээр шинэ төхөөрөмжийг арванхоёрдугаар сараас худалдаалж эхлэхээр төлөвлөсөн байна. Харин үнэ болон ямар зах зээлд эхэлж гарах талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Смартфоныг орлох дараагийн төхөөрөмжийг технологийн компаниуд хайж байна

Сүүлийн жилүүдэд АНУ-ын технологийн томоохон компаниуд ухаалаг утаснаас хамаарах хэрэглээг багасгаж, AI-тай шууд харилцах шинэ төрлийн төхөөрөмж бүтээхэд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа юм.

Энэ чиглэлд ухаалаг нүдний шил, AI пин, жижиг гар төхөөрөмж зэрэг олон хэлбэрийн бүтээгдэхүүн туршигдаж байна. Гол зорилго нь хэрэглэгчийг дэлгэц ширтэхээс илүүтэй дуу хоолой, камер, мэдрэгч болон хиймэл оюун ухаанаар дамжуулан өдөр тутмын мэдээлэлтэй харилцах шинэ хэв маягт оруулах явдал болжээ.

Meta ч энэ өрсөлдөөнөөс хоцроогүй. Тус компани өмнө нь Ray-Ban-тай хамтран хиймэл оюун ухаантай ухаалаг шил танилцуулж байсан бол “Meta Charm” нь энэ стратегийн дараагийн алхам болж байна.

Хэрэв шинэ төхөөрөмж хэрэглэгчдийн сонирхлыг татаж чадвал Meta зөвхөн сошиал платформ, VR болон ухаалаг шилээр хязгаарлагдахгүй, AI-д суурилсан бие даасан төхөөрөмжийн зах зээлд илүү хүчтэй орж ирэх боломжтой юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу