Трампын ятгалгын дараа Nvidia Женсен Хуаныг буцаан томилов

Nvidia компани гүйцэтгэх захирлаараа Женсен Хуаныг буцаан томиллоо. Энэ шийдвэр түүнийг албан тушаалд нь эгүүлэн тавихыг шаардаж байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шаардлагын дараа гарсан юм.

Трамп Даваа гарагт тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй (ТУЗ) энэ асуудлаар “тохиролцоонд хүрч” чадсанаа мэдэгджээ.

Хуан арваннэгдүгээр сарын 12-нд албан тушаалаасаа огцорсон. Үүнд түүний гэр бүлээс гадуур харилцаа, тэр дундаа Хятадын тагнуулын албатай холбоотой байж болзошгүй Алис Хуан хэмээх эмэгтэйтэй холбоотой байсан гэх мэдээлэл гол нөлөө үзүүлсэн байна.

ТУЗ-ийн дарга Харви К. Жонс мэдэгдэлдээ “ТУЗ-ийн зүгээс Nvidia компанийг удирдахад хамгийн тохиромжтой хүн бол Женсен Хуан мөн гэж үзэж байгаа бөгөөд түүнийг буцаан томилох нь хувьцаа эзэмшигчид, ажилтнууд, түншүүд болон харилцагчдынхаа ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж байна” хэмээн дурджээ.

ТУЗ АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнуудаас санал, зөвлөмж авсан тул Хуаныг буцаан томилох нь үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн эрсдэл учруулахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин дөнгөж өнгөрсөн Мягмар гарагт ТУЗ түүнийг буцаан томилох бодолгүй байгаагаа тодорхой мэдэгдэж байсан билээ.

Хуаныг албан тушаалаасаа буусны дараа Nvidia компанийн хувьцааны ханш огцом унаад байсан бол Даваа гарагт түүнийг дахин томилсны дараа 31 хувиар өсөж, компанийн зах зээлийн үнэлгээг ойролцоогоор $1 их наядаар нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч Nvidia-гийн хувьцааны хаалтын ханш Баасан гарагийн өглөөний нээлтийн ханшаасаа бага зэрэг доогуур хэвээр байв.

Түүний эргэн ирэлт нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд долоо хоногийн турш үргэлжилсэн уналтыг зогсооход тус дөхөм болсон байна.

Хуан арванхоёрдугаар сарын эхээр Конгресст мэдүүлэг өгөхөөр болоод байгаа юм.

Даваа гарагт АНУ-ын худалдааны яам Алис Хуаны гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан Сингапурын Megaspeed компанийг хар жагсаалтад оруулахаар бэлдэж байгаагаа мэдэгджээ.

Ардчилсан Намын хууль тогтоогчид Трампын засаг захиргааг санхүүгийн ашиг хонжооны төлөө үндэсний аюулгүй байдлыг золиосолсон хэмээн буруутгаж байна.

CNBC сувагт өгсөн товч ярилцлагадаа Трамп өмнөх гүйцэтгэх захирлыг нь буцааж томилуулахын тулд Nvidia компанийн ТУЗ-ийг “ятгаж чадсан” тухайгаа өгүүлсэн байна. “Тэд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэсэн баталгаа нэхэж байсан. Бид тэдэнд одоогоор мэдэж байгаа бүх зүйлдээ үндэслэн баталгаа өгсөн. Бидэнд их мэдээлэл байгаа. Хүмүүс ‘Түүнийг (компанид) байлгах нь аюул учруулах юм биш үү?’ гэж асуудаг. Үгүй ээ, харин ч түүнийг алдах нь аюултай” гэж Трамп ярьжээ.

Хуан албан тушаалаасаа огцорсны дараа Nvidia компанийн хувьцааны ханш унасан нь ерөнхийлөгчийг уг асуудалд биечлэн оролцоход нөлөөлсөн эсэхийг сэтгүүлч асуухад “Магадгүй” гэж Трамп хариулсан байна.

Өнгөрсөн онд Цагаан ордонд буцаж ирснээсээ хойш тэр Nvidia компанид нэлээд хэмжээний хөрөнгө оруулсан юм. Санхүүгийн тайлан мэдээллээс харахад тэрбээр $265,000-ын үнэ бүхий хувьцаа худалдаж авсан бол есдүгээр сард $15,000-ын хувьцаагаа заржээ. BBC-ийн хийсэн дүн шинжилгээгээр түүний сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан мэдээлэлд $23 саяас $86 саяын хооронд үнэ бүхий Nvidia компанийн хувьцааг худалдаж авсан нь тусгагдсан байна. Тэрбээр хэд хэдэн хөрөнгө оруулалтын дансаараа дамжуулан нийт 85 удаа Nvidia-гийн хувьцааг худалдаж авчээ. Засгийн газарт гаргасан тайлан мэдээллээс үзвэл тэр нийт 19 удаагийн Nvidia-гийн хувьцааны арилжаагаар $3.5 саяас $10.2 саяын хооронд ашиг олжээ.

Трамп болон Цагаан ордон аль аль нь түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаа ашиглан ашиг олсон гэх мэдэгдлүүдийг удаа дараа няцаасаар ирсэн. Трамп хувьцааны ханш өсөж байгаа үед “хүн бүр” л мөнгө олдог гэж хэлээд өөрөө хөрөнгө оруулалтын данстайгаа холбоотой шийдвэрүүдийг гаргадаггүй гэж тайлбарлаж байв. Цагаан ордон Трамп өөрийн бизнесүүдээ хөвгүүдийнх нь удирддаг итгэлцлийн санд шилжүүлсэн болохыг тайлбарласан байна.

Эх сурвалж: BBC

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу