Олимпын таеквондогийн ААШТ-ий нээлт “М Банк Арена”-д боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол “М Банк Арена”-д боллоо.

Олимпын наадмын чансааны оноо болон “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадмын эрх олгох тус тэмцээнд 43 улсын 1,300 гаруй тамирчин оролцож байна. Тамирчид пүмзэ, пара таеквондо, тулааны төрлүүдээр найман өдрийн турш өрсөлдөх юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Б.Онон, Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон Дэлхийн таеквондо, Азийн таеквондогийн холбооны удирдлагууд оролцжээ.

Энэ үеэр Дэлхийн таеквондогийн төв “Күккивон”-ы ерөнхийлөгч Юн Үн Сок Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хүндэт дангийн батламж гардуулсан байна. Уг батламжийг Монголын таеквондогийн 35 жилийн түүхэнд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, спортын хөгжилд хувь нэмэр оруулсныг үнэлэн гардуулжээ.

Нээлтийн ёслолын үеэр Дэлхийн таеквондогийн холбооны үзүүлэх тоглолтын баг тусгай үзүүлбэр толилуулсан байна.

Монголын баг пүмзэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртэв

Олимпын таеквондогийн ААШТ-ий пүмзэ буюу үзүүлбэрийн төрөл өчигдөр өндөрлөжээ. Монгол Улсаас энэ төрөлд есөн тамирчин өрсөлдөж, хоёр хүрэл медаль хүртсэн байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд С.Янжиндулам хүрэл медаль авч, Монголын багийн медалийн салхийг хагалжээ. Харин холимог хосын төрөлд У.Ханд, Ч.Ган-Эрдэнэ нар мөн хүрэл медаль хүртсэн байна.

Ингэснээр Монголын баг пүмзэ төрлийг хоёр хүрэл медальтайгаар өндөрлүүлж, багийн дүнгээр 11 дүгээр байрт шалгарлаа. БНСУ-ын баг 13 алтан медальтайгаар тэргүүлсэн бол Тайланд, Тайвань удаалжээ.

Олимпын таеквондогийн ААШТ-ий нээлт “М Банк Арена”-д боллоо
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу