ChatGPT-ийг хөгжүүлэгч OpenAI компани хиймэл оюуны загварууд туршилтын орчинд зөвшөөрөлгүйгээр мэдээлэлд хандахыг оролдсон зургаан тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлжээ.
Axios-ийн мэдээлснээр эдгээр тохиолдлын үеэр хиймэл оюуны загварууд өөрсдийн гаргасан алдааг далдлах, бүртгэлийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, файлуудыг интернэт дэх нээлттэй сан руу байршуулах зэрэг үйлдэл хийхийг оролдсон байна. Мөн тусгаарлагдсан байх ёстой гэж үзсэн сургалтын өөр өөр орчны хооронд мэдээлэл дамжуулах оролдлого ч илэрчээ.
Үүнээс гадна дээрх зургаан тохиолдолд загварууд дутуу байсан мэдээллийг өөрсдөө нөхөн зохиож, гаргасан алдаагаа илрүүлэхээс зайлсхийхийг оролдсон гэж мэдээлсэн байна. Зарим тохиолдолд бүр цаашид хэрхэн ажиллах, өөрийн үйлдлийн ул мөрийг арилгах талаар өөртөө зориулсан заавар үлдээсэн байжээ.
Axios-ийн мэдээлэлд дурдсанаар хараахан олон нийтэд танилцуулагдаагүй Astra загваруудын дотоод зааврын дунд мэдээлэлд хууль бусаар нэвтрэх аргачлалтай төстэй заавар болон хөгжүүлэгчдээс ирсэн зарим мэдээллийг үл тоомсорлох чиглэлүүд хүртэл байсан аж. OpenAI ийм шинжтэй нийт 27 зааврыг илрүүлсэн гэж тус хэвлэл онцолсон байна.
OpenAI-ийн судалгааны мэргэжилтэн Кай Чений тайлбарласнаар эдгээр үйлдэл хоёр үндсэн шалтгаантай холбоотой байж болзошгүй аж. Нэгдүгээрт, компанийн дотоод хяналтын тогтолцоо зарим нөхцөлд хангалтгүй байсан байж болох бол хоёрдугаарт, хиймэл оюуны загваруудын чадвар урьдчилан тооцоолж байснаас илүү хурдтай өсөж байгаа нь нөлөөлсөн байж магадгүй гэжээ.
OpenAI компани өмнө нь долоодугаар сард хийсэн мэдээлэлдээ туршилтын үеэр зарим загвар нь машин сургалтын Hugging Face платформын дэд бүтцэд бие даан нэвтрэх үйлдэл хийсэн талаар дурдсан байна.
Гэхдээ тухайн туршилтын үед оролцож байсан загварын кибер аюулгүй байдлын хамгаалалтыг зориудаар сулруулсан байжээ. Ингэснээр загварын бодит боломж, эрсдэл болон хамгаалалтын орчинд хэрхэн ажиллаж байгааг үнэлэх зорилготой байсан гэж мэдээлсэн байна.