OpenAI компанид ажиллаж байсан 35 настай инженер Абдулрахман Алфозаныг компанийн хурлын өрөөнд яриа нууцаар бичих төхөөрөмж байрлуулсан байж болзошгүй хэрэгт АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо шалгаж байна.
Саудын Арабын иргэн Алфозаныг бусдын яриаг нууцаар сонсох зориулалттай төхөөрөмж ашигласан, эсвэл ашиглахыг завдсан гэх үндэслэлээр баривчилжээ. Тэр бичлэгүүдийг ямар зорилгоор ашиглах байсан нь одоогоор тогтоогдоогүй байна.
Шүүхэд хүргүүлсэн материалд түүнийг наймдугаар сарын 17-ноос есдүгээр сарын 16-ны хооронд хиймэл оюун ухааны туслагчаас OpenAI-ийн хурлын өрөө, тэдгээрийн ашиглалт, уулзалтын хуваарьтай холбоотой хэд хэдэн мэдээлэл асуусан гэж дурджээ.
Тухайлбал “гадаад түншүүдийн тухай, тэд ихэвчлэн OpenAI-тай хаана уулздаг вэ”, “энэ өрөөнд өнөөдөр болох хурлуудыг жагсааж өгч чадах уу” гэх асуултууд тавьсан гэх мэдээлэл мөрдөн шалгах баримтад багтсан байна.
Мөн есдүгээр сард эхнэрийнхээ ашигладаг чатботоор дамжуулан дуу бичлэгийн төхөөрөмж хэрхэн угсрах, байрлуулах болон түүнд алсаас нэвтрэх талаар асуусан гэж эрх баригчид үзэж байгаа аж.
Төхөөрөмжийг зурагтын ард нуусан байжээ
Алфозан OpenAI-д нэг орчим жил ажилласан бөгөөд сэжигтэй төхөөрөмж илэрсэн хурлын өрөөнд нэвтрэх болон тэнд зохион байгуулагдах уулзалтад суух эрхгүй байсан гэж шүүхийн гомдолд тэмдэглэжээ.
Тус өрөөг компанийн техникийн, арилжааны болон стратегийн өндөр нууцлалтай асуудлууд, мөн засгийн газартай харилцах харилцаа, бизнесийн түншлэлийн талаар хэлэлцэх уулзалтуудад ашигладаг байсан гэх мэдээлэл байна.
Хяналтын камерын есдүгээр сарын бичлэгт Алфозан тухайн өрөөний ойролцоо найман удаа харагдсан гэжээ.
Есдүгээр сарын 30-нд OpenAI-ийн ажилтнууд хурлын өрөөний зурагтын ар талаас ариун цэврийн цаасаар ороосон, нууц дуу бичлэг хийх зориулалттай гэж үзсэн төхөөрөмж олсон байна.
Үүнээс хэд хоногийн дараа буюу аравдугаар сарын 5-нд Алфозан уг өрөөнд орж, төхөөрөмж байсан зурагтын ар талыг шалгаж буй мэт харагдсан дүрс камерын бичлэгт үлдсэн гэж мөрдөн шалгах материалд дурджээ.
Тэр өдөр өөр өрөөнд үлдээсэн цүнхийг нь аюулгүй байдлын ажилтнууд шалгахад өмнө нь олдсон төхөөрөмжтэй төстэй өөр нэг бичлэгийн төхөөрөмж, мөн түрийвч, иргэний үнэмлэх байсан гэх мэдээлэл байна.
OpenAI энэ асуудлаар:
“Одоогоор тухайн этгээд манай хөгжүүлж буй загварын параметрүүд, эх код, хэрэглэгчийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, эсвэл тэдгээрийг хууль бусаар авсан гэх ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй”
гэж мэдэгдсэн байна.
Абдулрахман Алфозан 2025 оны долдугаар сараас OpenAI-д инженерээр ажиллаж эхэлсэн бөгөөд шүүхийн материалд түүнийг АНУ-д боловсрол эзэмшсэн, 2020 оноос тус улсад хууль ёсны байнгын оршин суугчийн статустай амьдарч байсан гэжээ.
Холбооны Мөрдөх Товчоо түүнийг аравдугаар сарын 9-нд баривчилсан бол OpenAI тухайн өдөр хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан байна.
Өмгөөлөгч нь гэм буруутай гэж урьдчилан үзэхгүй байхыг уриалав
Алфозаны өмгөөлөгч Уильям Перник:
“Олон тооны америкчуудын нэгэн адил ноён Алфозан олон жилийн өмнө залуу насны мөрөөдлөө даган энэ улсад ирж байсан.
Эдгээр буруутгалууд нь түүний зан чанартай огт нийцэхгүй зүйлс мэт санагдаж байна. Бид юу болсон, хэн хариуцлага хүлээх ёстой, мөн үүний шалтгаан юу байж болохыг ойлгохын тулд эрх баригчдын гаргасан бүх нотлох баримтыг нарийвчлан шалгах болно”
гэж мэдэгджээ.
Тэр мөн:
“Энэ хооронд бид нөхцөл байдал бүрэн тодорхой болох хүртэл ямар нэгэн дүгнэлт хийхгүй байхыг бүгдээс хүндэтгэлтэйгээр хүсэж байна. Бид бүгдийн нэгэн адил ноён Алфозаныг одоогоор гэм буруугүй гэж үзэх ёстой бөгөөд олон нийтэд ил болсон мэдээлэл бол зөвхөн буруутгал төдий зүйл болохоос гэм буруутай нь тогтоогдсон хэрэг биш юм”
гэж нэмж хэлсэн байна.
Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал аравдугаар сарын 19-нд болохоор товлогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа бөгөөд шүүхээс гэм буруутай гэж тогтоовол тав хүртэл жилийн хорих ял, 250 мянган ам.доллар хүртэлх торгууль хүлээх боломжтой аж.
Одоогоор Алфозанд холбогдох дээрх мэдээллүүд нь мөрдөн шалгах байгууллагын тавьсан буруутгал бөгөөд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна.
Эх сурвалж: BBC