Artemis II баг Сарны цаад талаар нисэж, шинэ дээд амжилт тогтоохоор байна
АНУ-ын Сансар судлалын үндэсний газар буюу НАСА-гийн мэдээлснээр “Орион” хөлгөөр нисэж буй сансрын нисэгчид нэг хоногийн дотор Сарны нөгөө талд хүрч, хүн төрөлхтний Дэлхийгээс хамгийн хол очсон шинэ амжилтыг тогтоох гэж байна.
“Artemis II” хөтөлбөрт оролцож буй дөрвөн нисэгч болох Рейд Уайзман, Виктор Гловер, Кристина Кох, Жереми Хансен нар дөрөвдүгээр сарын 6-нд Сарыг тойрон нисэх бөгөөд Дэлхийн дагуулыг зургаан цагийн турш ажиглахаар төлөвлөжээ.
“Аполло 13”-ын 56 жилийн дээд амжилтыг эвдэхээр байна
Тэдний хүрэх хамгийн алслагдсан цэг нь Дэлхийгээс 406 773 километрийн зайд байх юм. Ингэснээр 56 жилийн өмнө, 1970 оны дөрөвдүгээр сард “Аполло 13” багийн тогтоосон 400 171 километрийн рекордыг шинэчлэхээр байна.
Сарны хажуугаар зургаан цаг орчим үргэлжлэх энэ нислэгийн үеэр өмнөх багуудад хэтэрхий харанхуй байсан Сарны цаад талыг ажиглах боломж нээгдэх аж.
Сарны харанхуй талыг ажиглах ховор боломж бүрдэнэ
“Нар хиртэх үеэр Орион одны ордны байрлалаас харахад Нар Сарны ардуур орох тул харагдахгүй болно. Энэ хугацаанд багийнхан Сарны харанхуй талыг голчлон харах бөгөөд энэ нь Сарны гадаргуу дээр унах солируудын гэрлийн гялбаа, Сарны зах хязгаараас дээш хөөрөх тоосонцор болон бусад гараг эрхэс зэрэг алс сансрын биетүүдийг ажиглах боломжтой” гэж НАСА-гийн мэдэгдэлд дурджээ.
Сарыг амжилттай тойрсны дараа багийнхан эх дэлхийдээ буцаж ирэх бөгөөд Номхон далайд, Сан-Диегогийн эргийн орчимд газардах юм.
“Орион” хөлгийг дөрөвдүгээр сарын 1-нд хөөргөсөн
Сансрын “Орион” хөлгийг “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нд Флорида мужийн Канавералын хошуун дахь Сансрын төвөөс АНУ-ын Зүүн эргийн цагаар 18:35-д хөөргөсөн билээ.