Хятадын Сычуань мужийн Панжихуа амьтны хүрээлэнд амьдардаг Пан Баобао нэртэй 19 настай ирвэс цахим орчинд дахин анхаарал татжээ. Нас өндөр болсон тул түүний хоолыг багасгаж, жин хасах дэглэм бариулахгүй байхаар мэргэжилтнүүд шийдсэн байна.
Пан Баобао 2024 онд Хятадын нийгмийн сүлжээнд алдаршсаны дараа амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнийг хатуу дэглэмд оруулжээ. Үүний үр дүнд нэлээд турсан ч хожим буцаад жин нэмсэн аж.
Гэсэн ч дахин тураах нь насанд нь тохирохгүй гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Панжихуа амьтны хүрээлэнгийн ажилтан Жан Сунвэнь:
“Бид хооллолтыг нь хянахгүй байгаа юм биш. Гэхдээ нас ахиж байгаа амьтан учраас жин хасах ёсгүй. Амьтад ч бас хүнтэй адил. Нас ахих тусам арьс нь суларч, унждаг. Энэ үед хамгийн чухал нь биеийн ерөнхий байдлыг нь хэвийн хадгалж, эрүүл мэндэд нь анхаарах. Тиймээс ирвэс хангалттай хооллохоос гадна шаардлагатай шим тэжээлээ бүрэн авах ёстой” гэжээ.
Одоогоор Пан Баобаод өдөр бүр 500 гаруй грамм үхрийн мах өгдөг байна. Мөн хоол тэжээлийн тэнцвэрийг хангахын тулд тахианы махаар хооллодог аж.