Cindy Crawford-ийн хүү Presley Gerber 27 насандаа нас барсан хэрэгтэй холбоотой шалгалт үргэлжилж байна. АНУ-ын Santa Monica хотын цагдаагийн газар түүний үхэл хар тамхи, мансууруулах төрлийн бодисын тун хэтрүүлсэнтэй холбоотой байж болзошгүй эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээлжээ.
Los Angeles County Medical Examiner-ийн мэдээллээр Presley Gerber ням гарагт нөхөн сэргээх эмчилгээний төвд нас барсан байна.
Үхлийн шалтгааныг одоогоор эцэслээгүй
Холбогдох байгууллагууд Presley Gerber-ийн үхлийн албан ёсны шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа юм.
Цагдаагийн урьдчилсан мэдээллээр гаднын нөлөө оролцсон гэх шинж тэмдэг одоогоор илрээгүй байна. Харин тун хэтрүүлсэн байж болзошгүй хувилбарыг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нягталж байгаа аж.
Cindy Crawford болон Rande Gerber нарын хэвлэлийн төлөөлөгч Allie Jenkins CBS News-д:
“Гэр бүлийнхэн нь асар хүнд уй гашуу туулж байгаа энэ үед тэдний хувийн орон зайг хүндэтгэхийг хүсэж байна”
хэмээн мэдэгджээ.
Presley Gerber багаасаа загварын ертөнцөд оржээ
Presley Gerber ээж Cindy Crawford болон дүү Kaia Gerber нарын адилаар загварын салбарт карьераа эхлүүлсэн юм.
Тэрээр 16 настайдаа Moschino брэндийн загварын тайзнаа анх гарч, улмаар Burberry, Dolce & Gabbana, Bottega Veneta зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байжээ.
Түүний аав Rande Gerber мөн олны танил бизнес эрхлэгч бөгөөд жүжигчин George Clooney-той хамтран Casamigos текила брэндийг үүсгэн байгуулж байсан байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн талаар нээлттэй ярьдаг байв
Presley Gerber сүүлийн жилүүдэд сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл гутрал болон мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой өөрийн туршлага, бэрхшээлүүдийн талаар ил тод ярьж байжээ.
Тэрээр 2023 онд “Studio 22” подкастад оролцохдоо:
“Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, сэтгэл гутрал болон үүнтэй холбоотой бусад бэрхшээлтэй өөрөө тэмцэж ирсэн хүний хувьд, хэрэв би нэг ч бай, зуун ч бай хүнийг өөрийн туулсан тэр хүнд байдлаас гарахад нь тусалж чадвал надад тэр хангалттай”
хэмээн хэлсэн байна.
Мөн энэ сард “America Vogue”-д Kaia Gerber ахынхаа донтолттой тэмцэж байсан үеийн талаар ярьсан гэж эх сурвалжид дурджээ.
Kaia Gerber-тай дотно харилцаатай байсан
Presley Gerber дүү Kaia Gerber-тайгаа тун ойр байсан тухай өмнө нь ярьж байжээ.
Ах, дүү хоёр 2018 онд Calvin Klein-ийн сурталчилгаанд хамт оролцсон бөгөөд Presley Gerber дүүгийнхээ нэрийг гар дээрээ шивүүлсэн байв.
Тэр жилээ мөн Super Bowl-ийн үеэр гарсан Pepsi-ийн сурталчилгаанд ээж Cindy Crawford-тай хамт тогложээ.
Cindy Crawford 1992 онд Pepsi-ийн алдарт сурталчилгаанд оролцож байсан тул 26 жилийн дараа хүүтэйгээ нэг брэндийн сурталчилгаанд хамт гарсан нь тухайн үед олны анхаарлыг татсан юм.
Cindy Crawford хүүдээ саяхан 27 насны мэндчилгээ хүргэж байжээ
Энэ оны долоодугаар сард Presley Gerber 27 нас хүрэхэд Cindy Crawford хүүгийнхээ бага насны архивын зургуудыг Instagram-д нийтэлж, төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна.
Харин одоо түүний үхлийн нөхцөл байдлыг цагдаа болон шүүх эмнэлгийн байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна.
Эх сурвалж: BBC