Дэлхийн хөгжмийн зах зээлд Өмнөд Солонгосыг таниулсан хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг PSY Монголын үзэгчдийн өмнө тоглохоор ирж байна. Тэрбээр маргааш SocialPay Park-д болох “SUPER CONCERT: SPECIAL” тоглолтын гол уран бүтээлчээр тайзнаа гарч, Монгол дахь сонсогч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзах юм.
Энэ удаагийн тоглолтод зөвхөн PSY бус, Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын олон танил нэр оролцоно. Тухайлбал, уянгын дууны хүчирхэг хоолойгоороо алдартай, олон хит K-DRAMA бүтээлийн дуугаараа үзэгчдэд танигдсан BAEK Z YOUNG, мөн LEEHI, DOK2, NAVILLERA нар хүрэлцэн ирж, тоглолтын тайзнаа уран бүтээлээ толилуулах товтой байна.
Монголын уран бүтээлчдээс ч өргөн бүрэлдэхүүн оролцохоор болжээ. TATAR, BECCA, NAAGII, TA-COPY, VANDEBO, GANGBAY, GINJIN, DAVAIDASHA, GIRLS нар “SUPER CONCERT: SPECIAL”-ийн тайзнаа гарч, дотоодын үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээ хүргэнэ.
PSY маргааш 11:00 цагийн орчим Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байгаа бол BAEK Z YOUNG өнөөдөр 12:00 цагийн үед Монголд ирэхээр болжээ.
BAEK Z YOUNG Монгол Улсад анх удаа ирж байгаа бөгөөд аяллынхаа өмнөх сэтгэгдлийг өөрийн сошиал хуудсаар дамжуулан хуваалцсан байна. Тэрбээр:
“Эцэст нь Монгол руу явлаа. Анхны айлчлал минь болохоор догдолж байна!”
хэмээн бичжээ.
Харин тоглолтын бас нэгэн онцгой оролцогч болох NAVILLERA хамтлаг өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна. Тус хамтлаг өнөөдөр тоглолтынхоо бэлтгэлд орж, маргаашийн тайзны үзүүлбэрээ базааж байгаа аж.
“SUPER CONCERT: SPECIAL” ийнхүү Монгол, Өмнөд Солонгосын олон уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэж, томоохон хөгжмийн арга хэмжээ болохоор бэлтгэл ажил үргэлжилж байна.