Итгэл найдвар, баяр баясгалан, аз жаргалын өнгөлөг дүрслэлээрээ дэлхий дахинд танигдсан Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монгол Улсад ирэх гэж байна. Олон улсад Happy Art урсгалаараа алдаршсан түүнийг Худалдаа хөгжлийн банк Монголд авчрах гэж буй аж.
Ромеро Бритто хамгийн сүүлд өнгөрсөн сард Япон Улсад өөрийн үзэсгэлэнгээ дэлгэсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа Монголд ирэхээр болсон байна. Түүний бүтээлүүд тод өнгө, эерэг мэдрэмж, поп арт болон кубизмын шинжийг хослуулдгаараа олон улсын урлаг сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн юм.
Тэрээр дэлхийн түүхэнд хамгийн олон оюуны өмчийн эрхтэй уран бүтээлчдийн нэгээр нэрлэгддэг. Мөн Францын Луврын музей, Мексикийн Сүмаяа музей зэрэг дэлхийн 100 гаруй улсын алдартай музей, урлагийн орон зайд түүний бүтээлүүд тавигдаж байсан нь Ромеро Бриттогийн нэр хүнд, олон улсын нөлөөг харуулдаг байна.
Дэлхийн хэмжээний уран бүтээлчийн оюуны бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр өөрийн картын бүтээгдэхүүнд буулгаж чадсан нь ХХБ-ийн хувьд онцлох алхам байв. Ингэснээр тус банк олон улсын урлагийн стандартыг Монголын санхүүгийн бүтээгдэхүүнтэй холбосон гэж үзэж болно.
Тодруулбал, ХХБ 2021 онд Happy Art урсгалыг үндэслэгч, Бразилын алдарт зураач Ромеро Бриттогийн албан ёсны эрхтэй бүтээлийг картын загварт ашиглаж, Бритто картыг Монголын зах зээлд анх нэвтрүүлсэн билээ.
Ийнхүү өнгө, баяр баясгалан, эерэг мэдрэмжийг уран бүтээлээрээ илэрхийлдэг Ромеро Бритто Монголд ирэх гэж байгаа нь урлаг сонирхогчид болон түүний бүтээлийг үнэлдэг хүмүүст онцгой үйл явдал болохоор байна.










