Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа. Ноолуурын салбарын үйлдвэрлэл, экспорт, хөрөнгө оруулалтын явцтай танилцах үеэр тус компанийн удирдлагууд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан байна.
1998 онд байгуулагдсан “Ханбогд кашимер” ХХК өдгөө 700 орчим ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Тус үйлдвэр жилд 1,500 гаруй тн самнасан ноолуур боловсруулж, 300 мянга гаруй ширхэг сүлжмэл болон мөн тооны нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг.
Үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд тус компани 65 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, 300 тн түүхий ноолуур худалдан авчээ. Үүний зэрэгцээ банкны өндөр хүүтэй зээлээр тоног төхөөрөмжөө шинэчилж, барилга байгууламж, үйлдвэрийн орчноо сайжруулан, агуулахаа өргөтгөсөн байна.
Тухайлбал, өнгөрсөн онд 6,480 м² талбай бүхий үйлдвэрийн 8 давхар өргөтгөл, үйлчилгээний цогцолбороо ашиглалтад оруулжээ. Мөн 2024 оноос нийт цахилгаан хэрэглээнийхээ 35 хувийг нарны цахилгаан үүсгүүрээр хангадаг болсон байна.
Компанийн удирдлагууд “Цагаан алт” хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлтэй Нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог нэвтрүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, ажлын байр бий болгон, татвар төлж буй компанийн хамт олонд талархал илэрхийлсэн байна.
Ноолуурын салбарт энэ онд 450 тэрбум төгрөгийн зээл олгоно
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 100 орчим аж ахуйн нэгж 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Үүний үр дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж, 2,000 гаруй тн болсон юм.
Мөн самнасан ноолуурын экспорт өмнөхөөс зургаа дахин өсөж, 4,000 тн-д хүрчээ. Энэ нь 330 сая ам.долларын экспорт хийсэн үзүүлэлт болж байна.
Энэ онд ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд 450 тэрбум төгрөгийн хүү багатай, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ. Ингэснээр ноолуур боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх боломж бүрдэхээр байна.