Сэлэнгэд 6 настай хүүхэд автомашин хөдөлгөж, 10 сартай дүү нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд бага насны хүүхэд автомашин хөдөлгөсний улмаас 10 сартай дүү нь дайруулж, амь насаа алдсан ноцтой осол бүртгэгджээ.

Энэ сарын 18-ны өдөр тус сумын эмнэлэгт бага насны хүүхэд нас барсан байдалтай хүргэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл иржээ.

Эмнэлгээс цагдаагийн байгууллагад “Хүүхэд нас барсан байдалтай хүргэгдэн ирлээ” гэх мэдээллийг өгсөн байна.

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад, хашаан дотор байсан “Toyota Sai” маркийн автомашиныг зургаан настай эрэгтэй хүүхэд хөдөлгөсөн нь тогтоогджээ.

Улмаар автомашин хөдөлсний улмаас 10 сартай эмэгтэй дүү нь дайруулж, амь насыг нь хохироосон байна.

Цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгалахыг онцгойлон анхааруулж байна.

Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, автомашин байрлуулсан орчинд хүүхдийн аюулгүй байдлыг байнга шалгах шаардлагатайг сануулжээ.

Хашаа, гэрийн гаднах орчинд байрлуулсан автомашин бага насны хүүхдэд ноцтой эрсдэл учруулж болзошгүйг энэ харамсалтай хэрэг дахин санууллаа.

Иймээс жолооч, эцэг эх, асран хамгаалагчид автомашинаа унтраасан эсэх, араа болон гар тоормос зөв байрлалд байгаа эсэх, түлхүүр хүүхдийн гар хүрэх газарт үлдээгүй эсэхийг тогтмол шалгах хэрэгтэй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу