Шакира Испанийн татварын маргаанд ялж, 64 сая ам.доллараа буцаан авна

Испанийн дээд шүүх дуучин Шакирагийн олон жил үргэлжилсэн татварын хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнээс өмнө нь хураан авсан 55 сая евро буюу 64 сая ам.долларыг буцаан олгох шийдвэр гаргажээ. Ингэснээр Колумбын поп одын Испанийн эрх баригчидтай хийсэн татварын маргаан томоохон эргэлтэд орлоо.

Шакираг Испанийн засгийн газар 2011 онд тус улсын нутаг дэвсгэрт амьдарч байхдаа олсон орлогоосоо татвар төлөөгүй гэж буруутгаж байсан. Гэвч шүүхийн дүгнэлтээр тэр тухайн онд Испанийн татварын оршин суугч гэж тооцогдох хэмжээнд тус улсад амьдраагүй байна.

Испанийн хуульд зааснаар нэг жилд 183 хоногоос дээш хугацаанд Испанид амьдарсан хүн тус улсад татвар төлөх үүрэгтэй. Харин эрх баригчид Шакираг 2011 онд Испанид 163 хоног байсан гэдгийг л нотолж чадсан тул дуучныг татварын оршин суугч гэж үзэх үндэслэл хангалтгүй гэж шүүх шийджээ.

Испанийн тал мөн Шакира тухайн үед хөлбөмбөгчин асан Жерард Пикетэй хамт амьдарч байсан учраас Испанид төвлөрсөн амьдралтай байсан гэж маргасан байна. Гэвч дээд шүүх тэдний хамтын амьдралыг гэрлэлтийн статустай адилтган үзэх боломжгүй, мөн Шакирагийн ажил, орлогын гол төв Испанид байсан нь нотлогдоогүй гэж дүгнэжээ.

Өмгөөлөгч нь шийдвэрийг найман жилийн сорилтын төгсгөл гэв

Шакирагийн өмгөөлөгч Хосе Луйс Прада шүүхийн шийдвэрийг дуучин бүсгүйн хувьд олон жилийн турш үргэлжилсэн хүнд сорилтын төгсгөл гэж тодорхойлсон байна.

Тэрээр:

“Энэхүү шийдвэр нь найман жил үргэлжилсэн хүнд хэцүү сорилтын дараа гарч байгаа бөгөөд засаг захиргааны үйл ажиллагаанд хатуу хяналт дутагдаж байгааг харууллаа”

хэмээн мэдэгджээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Испанийн засгийн газар Шакирагаас хураасан торгуулийг хүүгийн хамт буцаан төлөхөөр болж байна.

Испани өмнө нь олон алдартны татварын хэргийг шалгаж байв

Испанийн эрх баригчид сүүлийн жилүүдэд тус улсад амьдарч байсан гадаадын спорт, урлагийн алдартнуудын татварын асуудлыг идэвхтэй шалгаж ирсэн.

Өмнө нь Лионел Месси, Кристиано Рональдо нар татварын маргаанд холбогдож байсан. Тэд татвараа бүрэн төлөөгүй гэх хэрэгт буруутгагдсан ч Испанийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг хоёр жил хүртэлх хорих ялаас чөлөөлөх боломжтой тул шоронд хоригдоогүй юм.

Шакирагийн хэрэг тэдгээрээс ялгаатайгаар дээд шүүхийн шатанд түүний талд шийдэгдэж, дуучин бүсгүй Испанийн татварын оршин суугч байгаагүй гэж үзсэнээр өндөр хэмжээний торгуулиа буцаан авах боломжтой боллоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу