Зорчигч тээврийн ачаалал эрс өсөв
Улс орон даяар шатахууны хомсдол үүсээд буй энэ үед галт тэргээр зорчих иргэдийн хөдөлгөөн мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. “УБТЗ” ХНН-ийн зорчигч тээврийн галт тэрэгний ачаалал сүүлийн өдрүүдэд огцом өсөж, иргэд орон нутаг болон нийслэлийн хооронд төмөр замын тээврийг түлхүү сонгох болжээ.
Тухайлбал, өчигдөр өглөө Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 27 зорчигчийн вагонтой галт тэргээр 1001 хүн нийслэлд ирсэн байна.
Хичээлийн шинэ жил ойртож буй нь ачааллыг нэмэгдүүлж байна
Зуны аялал жуулчлалын улирлын оргил үе үргэлжилж, хичээлийн шинэ жил ойртож байгаа нь зорчигчийн галт тэрэгний эрэлтийг улам өсгөж байна. Үүн дээр шатахууны хомсдол нэмэгдсэнээр автомашинаар зорчих боломж хумигдаж, олон иргэн галт тэргийг илүү найдвартай сонголт гэж үзэх болжээ.
Иймээс “УБТЗ” ХНН-ээс иргэдийг тасалбараа урьдчилан захиалахыг анхааруулсан байна.
Тасалбарыг хоёр сарын өмнөөс авах боломжтой
Галт тэрэгний тасалбарыг аяллын өдрөөс хоёр сарын өмнөөс эхлэн захиалах боломжтой аж. Ачаалал нэмэгдэж буй энэ үед хүссэн чиглэл, өдрөөрөө зорчихын тулд тасалбараа аль болох эрт авах шаардлагатай байна.
Ялангуяа орон нутгаас Улаанбаатар руу чиглэх урсгал ойрын өдрүүдэд улам нэмэгдэх төлөвтэй байгаа тул зорчигчид аяллаа урьдчилан төлөвлөх нь чухал болжээ.
УБТЗ орон нутгийн 5, олон улсын 3 чиглэлд үйлчилдэг
“УБТЗ”-ын зорчигчийн галт тэрэг одоогоор орон нутгийн таван чиглэл, олон улсын гурван чиглэлд аялж байна. Шатахууны нийлүүлэлт бүрэн тогтворжоогүй байгаа энэ үед төмөр замын тээвэр иргэдийн зорчих хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Ирэх өдрүүдэд зорчигчийн урсгал өндөр хэвээр байх төлөвтэй тул тасалбарын эрэлт нэмэгдэх магадлалтай байна.