Шүлхийн эсрэг 3.6 сая тун вакцин авч, Хангай, Говийн үхэр сүргийг дархлаажуулна

Монгол Улсад энэ оны төлөвлөгөөт малын дархлаажуулалтын ажил улсын хэмжээнд үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар гүйцэтгэл 90 гаруй хувьтай байгааг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлжээ.

2026 онд нийт 19 нэр төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг технологийн хугацаанд нь хийж байгаа бөгөөд эхний хоёр үе шат бүрэн дууссан байна.

Шүлхий, ямааны годрон өвчний улмаас зардал нэмэгджээ

Энэ онд олон улсын хорио цээрт хамаарах гоц халдварт шүлхий болон ямааны годрон өвчин гарсантай холбоотойгоор төлөвлөсөн зардал нэмэгдэж, нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээ авах шаардлага үүссэн байна.

Мал эмнэлгийн ерөнхий газар 2025 оны эцэст 17.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд уг асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад танилцуулсны дараа 10.1 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ.

Мөн 2026 онд малын гоц халдварт өвчний нөхцөл байдал болон вакцинжуулалтын зардлын өсөлттэй холбоотойгоор нийт 30.8 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон байна.

Энэ санхүүжилтийг улсын төсвийн тодотголд тусган шийдвэрлэсэн бөгөөд 2025 оны үлдэгдэл өр төлбөр болон 2026 оны нэмэлт санхүүжилтийн асуудлыг арваннэгдүгээр сарын 15-ны дотор бүрэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Шүлхийн эсрэг гуравдугаар шатны вакцинжуулалт эхэлнэ

Технологийн дархлаажуулалтын ажлыг нийт гурван үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхний болон хоёрдугаар шат аль хэдийн дууссан байна.

Харин шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх гуравдугаар шатны хүрээнд 3.6 сая тун вакцин худалдан авчээ.

Энэ удаагийн намрын вакцинжуулалтад Хангайн болон Говийн бүсийн үхэр сүргийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Вакциныг арваннэгдүгээр сарын 5-ны дотор аймаг, орон нутгийн мал эмнэлгийн байгууллагуудад хүргэх бэлтгэл хангаж, дархлаажуулалтыг арваннэгдүгээр сарын 8-наас эхлүүлэн арванхоёрдугаар сарын 1-ний дотор дуусгахаар товложээ.

Дотоодын вакцин үйлдвэрлэлд 1.5 тэрбум төгрөг нэмэв

Ямааны годрон өвчний дэгдэлттэй холбоотойгоор вакцины нөөц бүрдүүлэхээс гадна цаашид дотооддоо үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Дотоодын вакцин үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, 1.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шийдвэрлүүлжээ.

Одоогийн байдлаар вакцин үйлдвэрлэлийн нийт зардлын 80 хувийг “Биокомбинат” ТӨХК-д шилжүүлж, үйлдвэрлэлийн ажлыг эрчимжүүлсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу