Шинэ журамд цахим дээрэлхэлт ч багтжээ
Сингапурт сургуулийн сахилгын шинэ журам хэрэгжиж эхэлсэн бөгөөд бусдыг дээрэлхсэн нь тогтоогдсон эрэгтэй сурагчдад ташуурын шийтгэл оноохоор болжээ.
Шинэ журмаар сургууль дээрээ дээрэлхэлт үйлдсэн хөвгүүдийг нэгээс гурван удаа ташуурдах эрхийг сургуулиудад олгосон байна. Мөн зөвхөн биечлэн үйлдсэн дээрэлхэлт бус, цахим дээрэлхэлт ч энэ журамд хамаарах аж.
Боловсролын яам шинэчилсэн дүрмээ танилцуулж, уг асуудлыг энэ долоо хоногт парламентаар хэлэлцжээ.
Ташуурын шийтгэлийг “хамгийн сүүлчийн арга” гэж тайлбарлав
Сингапурын Боловсролын сайд Десмонд Ли ташуурын шийтгэлийг зөвхөн “хамгийн сүүлчийн арга хэмжээ” болгон хэрэглэх бөгөөд зөрчлийн ноцтой байдлаас хамааран бусад арга хэмжээ хангалтгүй гэж үзсэн үед ашиглана гэж мэдэгджээ.
“Сурагчийн аюулгүй байдлыг хангахын тулд хатуу журам мөрдөнө. Жишээлбэл, ташуурдах шийдвэрийг сургуулийн захирал баталж, зөвхөн эрх бүхий багш хэрэгжүүлнэ” гэж тэр хэлсэн байна.
Мөн тэрээр сургуулиуд сурагчийн төлөвшлийн түвшин, ташуурын шийтгэл нь тухайн хүүхдэд алдаанаасаа суралцах, үйлдлийнхээ ноцтой байдлыг ойлгоход тус болох эсэхийг харгалзан үзнэ гэж нэмжээ.
“Сургуулиуд сурагчийн төлөвшлийн түвшин болон ташуурын шийтгэл нь түүнийг алдаанаасаа суралцаж, үйлдлийнхээ ноцтой байдлыг ойлгоход тус болох эсэхийг харгалзан үзнэ”
9-12 насны болон түүнээс дээш насны хөвгүүдэд хамаарна
Сайд Десмонд Лигийн хэлснээр, шинэ арга хэмжээ нь зөвхөн бага сургуулийн ахлах анги буюу 9-12 насны болон түүнээс дээш насны эрэгтэй сурагчдад үйлчилнэ.
Мөн Сингапурын Эрүүгийн хууль эмэгтэйчүүдэд ташуурдах шийтгэл оноохыг хориглодог тул охидод ийм шийтгэл хэрэглэхгүй гэж онцолжээ.
Дээрэлхэлт үйлдсэн нь тогтоогдсон эмэгтэй сурагчдад саатуулах, түр түдгэлзүүлэх, сахилгын үнэлгээг бууруулах болон сургуулийн бусад шийтгэл ногдуулна гэж сайд мэдэгдсэн байна.
Шийтгэлийн дараа сурагчдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ
Боловсролын сайдын тайлбарласнаар, ташуурын шийтгэл хүлээсэн сурагчийг сургуулиуд дараа нь орхихгүй. Харин түүний “сайн сайхан байдал болон ахиц дэвшил”-ийг цаашид хянаж, зөвлөгөө өгөх болон бусад дэмжлэгийн үйлчилгээ үзүүлсээр байх аж.
Энэхүү шинэ арга хэмжээ нь сурагчдын зан үйлийн талаар нэг жилийн турш хийсэн үнэлгээний дараа гарсан байна. Сүүлийн үед Сингапурын сургуулиудад гарсан хэд хэдэн дээрэлхэлтийн хэрэг олон нийтийн анхаарлыг татаж, үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөхөд хүргэсэн юм.
Хүний эрхийн байгууллагууд шүүмжилж байна
Сингапур сургууль болон эрүүгийн эрх зүйн тогтолцоондоо биеийн шийтгэл хэрэглэсээр байгааг хүний эрхийн байгууллагууд удаан хугацаанд шүүмжилж ирсэн.
Гэсэн ч Сингапурын эрх баригчид ташуурын шийтгэлийг ноцтой гэмт хэрэг болон сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга гэж үздэг байна.
Сингапур дахь ташуурын шийтгэл нь Их Британийн колоничлолын үеэс улбаатай. Харин Их Британи өөрөө хожим биеийн шийтгэлийг халсан юм. Австрали ч олон арван жилийн өмнө улсын сургуулиудад ташуурын шийтгэлийг зогсоосон бол зарим хувийн сургууль 2000-аад оны эхэн үе хүртэл энэ практикийг үргэлжлүүлж байжээ.
ДЭМБ, Amnesty International биеийн шийтгэлийг эсэргүүцэв
ДЭМБ-ийн өнгөрсөн жилийн тайланд хүүхдэд биеийн шийтгэл хэрэглэх нь олон төрлийн хор уршигтай бөгөөд ямар ч ашиг тусгүй гэдгийг нотлох шинжлэх ухааны хангалттай баримт бий болсон гэж дурдсан байна.
Amnesty International мэдэгдэлдээ:“Биеийн шийтгэл бол хүүхдэд хэзээ ч хэрэглэж болохгүй хэрцгий, доромжлолтой харьцаа юм. Ташуурдах нь дээрэлхэлт болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг нотлох баримт байхгүй. Үүнийг Сингапурын сургууль болон хууль эрх зүйн тогтолцооноос бүрэн халж устгах ёстой” хэмээн мэдэгджээ.