Six Flags-д хүний амь эрсэдсэн осол гарсны дараа АНУ даяарх 10 “галзуу хулгана”-ыг зогсоолоо

Six Flags Entertainment Corp компани өөрийн эзэмшлийн зугаа цэнгээний хүрээлэнгүүдэд гарсан хэд хэдэн ослын дараа АНУ даяар ажиллаж байсан ижил төрлийн 10 “галзуу хулгана” тоглоомын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Түр хаасан тоглоомуудын дунд Жоржиа мужийн Six Flags Over Georgia хүрээлэнд Даваа гарагт хүний амь нас хохирсон осол гарсан “Goliath” багтсан байна.

Тус компани мэдэгдэлдээ:

“Аюулгүй байдлыг дээд зэргээр хангах үүднээс бид хүрээлэнгүүд дэх ижил төрлийн тоглоомуудыг түр хаалаа. Үйлчлүүлэгчид болон ажилтнуудын аюулгүй байдал бол бидний нэн тэргүүний зорилт юм”

гэжээ.

Үйл ажиллагааг нь зогсоосон тоглоомууд Ohio мужийн Kings Island, New Jersey мужийн Six Flags Great Adventure зэрэг нийт долоон зугаа цэнгээний хүрээлэнд байрладаг аж. Харин эдгээрийг хэзээ дахин ажиллуулж эхлэх талаар одоогоор тодорхой хугацаа зарлаагүй байна.

42 настай эрэгтэй тоглоомоос шидэгдэж нас баржээ

Жоржиа мужийн Six Flags Over Georgia хүрээлэнд болсон ослын улмаас 42 настай эрэгтэй амиа алдсан байна.

Хүрээлэнгийн ажилтнууд үдээс хойш 15:58 цагийн орчимд үйлчлүүлэгчтэй холбоотой ноцтой ослын дуудлага хүлээн авч, яаралтай арга хэмжээ авчээ.

Орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр Hassan Jihad Ibn Karim гэх эрэгтэй “галзуу хулгана”-аас шидэгдэж, бусад үйлчлүүлэгчдийг мөргөсний дараа газарт унасан байна.

Six Flags-ийн ажилтнууд болон орон нутгийн эрх бүхий байгууллагууд ослын дараа газар дээр нь ажиллаж, болсон явдлын шалтгаан нөхцөлийг тогтоох шалгалтад хамтран оролцож байгаа аж.

Six Flags Over Georgia хүрээлэн Атланта хотоос баруун тийш ойролцоогоор 19 километрийн зайд байрладаг.

Компанийн хувьцаа огцом унаж, өмнөх ослууд ч анхаарал татав

Six Flags нь АНУ-ын бүс нутгийн томоохон зугаа цэнгээний хүрээлэнгүүдийн хамгийн том операторуудын нэг юм. Харин сүүлийн ослын дараа компанийн хувьцааны ханш Мягмар гарагт 17.28 хувиар унажээ.

Ингэснээр компанийн хувьцаа Ковид-19 цар тахлын үед дэлхий даяар зугаа цэнгээний хүрээлэнгүүд хаагдаж байсан үеэс хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Тус компани өнгөрсөн сард California мужийн Valencia дахь Magic Mountain хүрээлэнд байрлах “X2” нэртэй “галзуу хулгана”-ыг бүрмөсөн хаахаар болсноо зарлаж байв.

Dordick Law Corp хуулийн фирмийн мэдээлснээр тус фирмийн гурван үйлчлүүлэгч “X2” тоглоомын улмаас тархины хүнд гэмтэл авсан гэх үндэслэлээр Six Flags-ийг шүүхэд өгсөн байна.

Мөн уг хуулийн фирм ижил төрлийн гэмтэл авсан гэх нийт 100 гаруй хүний хэргийг хариуцаж байгаагаа мэдэгджээ.

Харин Six Flags компани “X2” тоглоом нь аюулгүй байдлын олон удаагийн шалгалтыг амжилттай давсан гэж хариу тайлбар өгсөн байна.

Ийнхүү хүний амь нас хохирсон шинэ ослын дараа Six Flags АНУ даяарх ижил төрлийн тоглоомуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, шалгалт дуусах хүртэл үйл ажиллагааг нь зогсоогоод байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу