Сөүл хотын төв хэсэгт байрлах Гванхвамуны талбайд Солонгосын дайнд зориулсан шинэ дурсгалын хөшөөг энэ долоо хоногийн мягмар гарагт нээсэн байна. Гэвч уг байгууламжийн өвөрмөц хэлбэр, байрлуулсан байршил нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байна.
23 чулуун бүтэц холбоотон орнуудыг бэлгэджээ
Шинээр байгуулсан дурсгалын хөшөө нь нийт 23 ширхэг чулуун бүтцээс бүрдэж байгаа аж. Эдгээр нь 1950-1953 оны Солонгосын дайнд холбоотон болж оролцсон Өмнөд Солонгос болон бусад 22 улсыг төлөөлөн бэлгэджээ.
Бүтэц бүр 6.25 метр урттай бөгөөд энэ нь Солонгосын дайн эхэлсэн 1950 оны зургаадугаар сарын 25-ны өдрийг илэрхийлсэн байна.
Гванхвамуны талбай нь Солонгосын түүх, соёлын чухал орон зайд тооцогддог. Тус талбайд 15 дугаар зуунд солонгос бичгийг бүтээсэн Сэжон хаан, 16 дугаар зуунд Японы довтолгоог няцаасан адмирал И Сүн Шин зэрэг түүхэн хүмүүсийн хөшөө байрладаг юм.
Загвар, байрлал нь шүүмжлэл дагуулж байна
Гэвч шинэ хөшөөний тодорхой бус, ойлгомжгүй хийц болон иргэдийн жагсаал цуглаан хийх, амарч зугаалах орон зайд байрлуулсан нь нэлээд эсэргүүцэлтэй тулгарчээ.
“Эдгээр нь далайн эрэг дээр хаягдсан халимын араг яс шиг харагдаж байна” гэж Австралиас ирсэн жуулчин өөрийн сэтгэгдлийг илэрхийлсэн байна.
Мөн Их Британиас ирсэн өөр нэг жуулчин уг хөшөөг “Викингүүдын хөлөг онгоцны сэг”-тэй зүйрлэжээ.
Нээлтийн үеэр Сөүл хотын захирагч О Сэ Хүүн уг байгууламж нь өнөөгийн БНСУ-ын үндэс суурийг тавихад тусалсан улс орнуудад талархал илэрхийлэх зорилготой гэж тайлбарласан байна.
Түүхэн талбайн төрхийг эвдсэн гэж үзжээ
Харин Түүхэн Үнэн, Шударга Ёсны Төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Хак Жин уг хөшөө Гванхвамуны талбайн түүх, соёлын үнэ цэнтэй орчны үзэмжийг алдагдуулж байна хэмээн шүүмжилжээ.
“Сэжон хаан, адмирал И, хааны ордон, ханбук зэрэг бусад уламжлалт үзмэрүүдтэй танилцах жуулчдын төсөөллийг энэ байгууламж эвдэж байна” гэж тэр хэлсэн юм.
Зарим идэвхтэн зургаадугаар сарын 3-нд болох орон нутгийн сонгуулиас хэдхэн хоногийн өмнө жагсаал цуглаан болдог талбайд ийм хэмжээний хөшөө байрлуулсан нь улс төрийн зорилготой байж болзошгүй гэж үзэж байна.
Сонгуулийн өмнөх улс төрийн маргаан болов
Сөүл хотын захирагчийн албан тушаалд өрсөлдөж буй Ардчилсан намын нэр дэвшигч Чон Вон О одоогийн захирагчийг татвар төлөгчдийн 20 тэрбум вон буюу 13.5 сая ам.долларын хөрөнгөөр улс төрийн үзэл бодлоо сурталчилсан хэмээн буруутгажээ.
Тэрээр санал асуулгаар Сөүл хотын дараагийн захирагч болох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээр нэрлэгдэж байгаа юм. Чон Вон О хэрэв сонгогдвол уг хөшөөг Ёнсан руу нүүлгэх асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаа мэдэгдсэн байна.
Мөн зүүн жигүүрийн Шударга Ёсны намын нэр дэвшигч Квон Юн Гүк шинэ дурсгалын хөшөөг эсэргүүцэж, “Сөүл хот цэргийн парадын талбар болох ёсгүй” гэж мэдэгджээ.