Залуу үеийнхний биологийн хөгшрөлт өмнөх үеийнхээс илүү хурдацтай явагдаж байгаа нь 55-аас доош насныхны дунд хорт хавдрын өвчлөл нэмэгдэх нэг хүчин зүйл байж болзошгүйг шинэ судалгаа харуулжээ.
АНУ-ын Сент-Луис хот дахь Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судлаачид өнөөгийн залуус ижил насны өмнөх үеийн хүмүүсээс биологийн хувьд илүү хөгшин байх хандлага ажиглагдаж байгааг тогтоосон байна. Судалгааны үр дүнг “Nature Medicine” сэтгүүлд нийтэлжээ.
Биологийн нас, хуанлийн нас хоёр өөр ойлголт
Хуанлийн нас гэдэг нь хүн төрснөөсөө хойш хэдэн жил амьдарсныг илэрхийлдэг бол биологийн нас нь бие махбодийн бодит төлөв байдлыг илүү өргөн хүрээнд хэмждэг үзүүлэлт юм.
Үүнд эс, эрхтэн тогтолцоо, бодисын солилцоо болон бусад физиологийн үйл явцад бий болсон өөрчлөлтүүд багтдаг.
Судлаачдын ажигласнаар хүний биологийн нас нь хуанлийн наснаасаа хэр их “түрүүлж” байгаагаас шалтгаалан залуу насанд хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэх хандлага илэрчээ.
Өөрөөр хэлбэл насны тоо ижил байсан ч бие махбодийн хөгшрөлтийн хурд өөр байж болох бөгөөд энэ ялгаа эрүүл мэндийн эрсдэлтэй холбоотой байж магадгүй байна.
160 мянга гаруй хүний мэдээллийг шинжилжээ
Судалгаанд дэлхийн хамгийн том биологийн анагаах ухааны мэдээллийн сангуудын нэг болох Их Британийн UK Biobank-ийн өгөгдлийг ашигласан байна.
Тус сан нь хагас сая орчим сайн дурын оролцогчийн генетик, эрүүл мэнд болон биологийн дээжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багтаадаг урт хугацааны судалгааны төсөл юм.
Судлаачид UK Biobank дахь 154 мянга гаруй залуу хүний мэдээллийг шинжилснээс гадна АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн “All of Us” судалгааны хөтөлбөрийн 10 мянга гаруй оролцогчийн өгөгдлийг давхар ашиглажээ.
Ингэснээр биологийн хөгшрөлтийн хурд болон залуу насанд хорт хавдраар өвчлөх эрсдэлийн хоорондын хамаарлыг өргөн хүрээнд харьцуулан судалсан байна.
Хатуу эдийн хорт хавдрын эрсдэл 8 хувиар өсөх хандлага ажиглагджээ
Судалгааны үр дүнд биологийн хөгшрөлт хурдацтай явагдаж буй залуусын дунд залуу насанд хатуу эдийн хорт хавдар үүсэх эрсдэл ойролцоогоор 8 хувиар нэмэгдэх хандлага ажиглагдсан байна.
Ялангуяа уушги, хоол боловсруулах тогтолцоо болон умайн хорт хавдрын хувьд энэхүү хамаарал илүү тод байжээ.
Мөн өөхөн эдийн хөгшрөлт хурдтай явагддаг хүмүүст бүдүүн гэдэсний хорт хавдар залуу насанд үүсэх эрсдэл өндөр байж болохыг судлаачид тогтоосон байна.
Гэхдээ энэ нь биологийн хөгшрөлт хорт хавдрыг шууд үүсгэдэг гэсэн дүгнэлт бус, харин хоёр үзүүлэлтийн хооронд холбоо байж болзошгүйг харуулсан үр дүн юм.
Эрсдэлтэй хүмүүсийг эрт илрүүлэхэд ашиглаж магадгүй
Судалгааны багийнхан биологийн насыг эрт үеийн эрсдэлийн шалгуур болгон ашиглах боломжийг цаашид судлах шаардлагатай гэж үзэж байна.
Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн молекулын тархвар судлаач, дэд профессор Инь Чао:
“Залуу хүмүүсийг эрүүл байгаа үед нь хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй эсэхийг тодорхойлж чадвал уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээг шаардлагатай хүмүүст чиглүүлэх боломжтой. Ингэснээр эрт оношилж, эмчлэх нь хамгийн их үр дүн өгөх хүмүүсийг цаг алдалгүй илрүүлнэ”
гэж хэлжээ.
Судлаачдын үзэж байгаагаар ийм арга нь ирээдүйд наснаасаа биологийн хувьд хурдан хөгширч буй хүмүүсийг эрт илрүүлж, хорт хавдрын урьдчилан сэргийлэлт болон үзлэг шинжилгээг илүү оновчтой чиглүүлэхэд тусалж болох юм.