“Hondius” хөлөгт зорчигчдыг бүхээгт нь тусгаарлав
Африк тивийн баруун эрэг, Кабо-Верде улсын орчимд саатуулагдсан тансаг зэрэглэлийн аяллын “Hondius” хөлөг онгоцонд хантавирусний халдвар авсан байж болзошгүй хоёр зорчигчийг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр, тус хөлөг дээр вирусний халдварын улмаас гурван хүн нас барж, хэд хэдэн хүн өвчилсөн тул хөл хорионы арга хэмжээ авчээ.
Нидерландын далбаан дор аялдаг “Hondius” хөлөгт одоогоор 150 орчим зорчигч байгаа бөгөөд тэднийг өөр өөрийн бүхээгт тусгаарласан байна. Нас барсан хүмүүсийн хоёр нь Нидерландын иргэн, нэг нь ХБНГУ-ын иргэн байжээ. Нидерландын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлснээр, дор хаяж нэг тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын тайлбарласнаар, хантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтдын ялгадаснаас агаарт тархсан бичил хэсгүүдээр дамжин халдварлаж, амьсгалын замын хүнд хэлбэрийн өвчин үүсгэдэг. Харин хүнээс хүнд халдварлах тохиолдол маш ховор гэж үздэг аж.
Кабо-Верде хөлгийг боомтдоо зогсоохоос татгалзжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, “Hondius” хөлөг дээр нийт долоон халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс хоёр нь батлагдсан, тав нь сэжигтэй тохиолдол аж. ДЭМБ уг халдвар олон нийтийн дунд өргөн тархах эрсдэл бага гэж үзэж, зорчих хөдөлгөөнд нэмэлт хязгаарлалт тогтоохгүй байхыг зөвлөжээ.
Гэсэн ч Кабо-Верде улсын эрх баригчид урьдчилан сэргийлэх зорилгоор уг хөлгийг боомтдоо нэвтрүүлэхээс татгалзсан байна. Хөлөг онгоцны оператор “Oceanwide Expeditions” компани өвчтэй зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үлдсэн зорчигчдыг Испанийн Канарын арлуудад буулгах боломжийг судалж байгаа юм.
Хөлөг дээрх нөхцөл байдал тодорхой бус хэвээр байгаа нь зорчигчдын дунд түгшүүр үүсгээд байна. Нэгэн америк зорчигч дүрс бичлэгээр “Бид зөвхөн мэдээний гарчиг төдий хүмүүс биш, энд нөхцөл байдал хүнд байна” хэмээн ярьжээ.
Одоогоор халдварын эх үүсвэр тодорхой болоогүй байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар, вирус хөлөг дотор байсан мэрэгч амьтдаас тархсан байж болзошгүй бөгөөд эсвэл хөлөг өмнө нь Өмнөд Америкт зогсох үеэр халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна.