Америкийн поп хөгжмийн супер од Тэйлор Свифт болон Үндэсний хөл бөмбөгийн лигийн тамирчин, Супер Боулын гурван удаагийн аварга Трэвис Келси нарын хурим Нью-Йорк хотын Мэдисон Скюэр Гарденд болж өнгөрснийг баасан гарагийн орой тэдний албан ёсны төлөөлөгч баталжээ.
Энэхүү хурим нь сүүлийн жилүүдэд шоу бизнес, спортын ертөнцөд болсон хамгийн их анхаарал татсан үйл явдлуудын нэг боллоо.
Хуримын ёслолыг Адам Сандлер хөтөлжээ
Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, хуримын ёслолыг инээдмийн жүжигчин Адам Сандлер хөтлөн явуулсан байна. Тэрээр Тэйлор Свифт болон Трэвис Келси нарын дотнын найз аж.
Хосууд хуримын бөгжөө солилцсоны дараа Манхэттэн дүүргийн төвд байрлах цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах том самбар дээр “JUST&T MARRIED” гэсэн бичиг гарчээ. Энэ нь олон сарын турш фэнүүд болон хэвлэлүүдийн дунд яригдсан хуримын цуурхлыг эцэслэн баталсан үйл явдал болсон байна.
Хуримын гэрчээр дүү, ах нь байлцжээ
Мэдэгдэлд дурдсанаар, хуримын гэрчээр Тэйлор Свифтийн эрэгтэй дүү Остин Свифт болон Трэвис Келсигийн том ах Жэйсон Келси нар байлцжээ.
Хосын хуримын хувцсыг Кристиан Диор От Кутюр ордны загвар зохион бүтээгч Жонатан Андерсон урласан байна. Харин гутлыг нь Кристиан Лубутен брэндийн урчууд тусгайлан бүтээжээ.
Тэйлор Свифт хуримын ёслолын үеэр Картье брэндийн үнэт эдлэлээр гоёсон байна.
2023 оноос эхэлсэн харилцаа хуримаар төгсөв
Тэйлор Свифт, Трэвис Келси нарын харилцаа 2023 оноос эхэлсэн бөгөөд тэр үеэс хойш хосын хуримын тухай яриа шүтэн бишрэгчдийнх нь дунд тасралтгүй өрнөж ирсэн юм.
Хэдийгээр хуримын ёслол маш өндөр нууцлалтай зохион байгуулагдсан ч Мэдисон Скюэр Гардены гадна олон мянган хүн цугласан байна.
Холливүүд болон спортын одод хүрэлцэн иржээ
Хуримын үеэр Брэдли Күүпер, Зое Кравиц, Хью Грант, Этан Хоук зэрэг Холливүүдийн алдартнууд хар өнгийн автомашинаас ээлж дараалан бууж байсан гэж мэдээлжээ.
Мөн зочдын дунд загвар өмсөгч Жижи Хадид, Карли Клосс, инээдмийн жүжигчин Крис Рок, найруулагч Стивен Спилберг, дуучин Камила Кабелло, зохиолч Жэнни Хан зэрэг урлаг, соёлын салбарын алдартнууд байжээ.
Түүнчлэн Трэвис Келсигийн тоглодог Канзас Сити Чифс багийн дасгалжуулагч Энди Рэйд, багийн бусад тамирчид болон Үндэсний хөл бөмбөгийн лигийн супер од Том Брэди хуримд оролцсон байна.
Гар утас хориглосон тул зураг ил болоогүй байна
Хуримын ёслолын явцтай холбоотой ямар ч зураг, бичлэг, дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор нийтэд ил болоогүй байна.
Энэ нь арга хэмжээ болсон газарт гар утас ашиглахыг хориглосонтой холбоотой гэж эх сурвалжууд мэдээлжээ. Иймээс Тэйлор Свифт, Трэвис Келси нарын хуримын дотоод уур амьсгал, ёслолын нарийн зохион байгуулалт нууц хэвээр байна.
Баяр хүргэе, аз жаргал хүсье
Үнэхээр олон хүний хүлээсэн мэдээ байлаа