Том Крузын “Digger” бокс оффист бүдэрч, Warner Bros.-д 245 сая долларын алдагдал авчирч магадгүй

Том Крузын гол дүрд тоглосон экологийн сэдэвт егөөдлийн “Digger” кино бокс оффист хүлээлтээс хавьгүй доогуур амжилт үзүүлж, салбарын шинжээчдийн тооцоогоор Warner Bros. студид 245 сая ам.доллар орчмын алдагдал авчирч болзошгүй байна.

Алехандро Иньярритугийн найруулсан уг бүтээлийг Том Крузын экшн киноноос гадуурх илүү нухацтай жүжиглэлтэд эргэн ирж буй том төсөл хэмээн сурталчилж байв. Кинонд тэрээр өөрийн бий болгоход оролцсон хямралыг засах шаардлагатай болсон этгээд зан араншинтай газрын тосны магнатын дүрийг бүтээжээ.

Гэвч “Digger” шүүмжлэгчдээс таагүй үнэлгээ авч, өргөн хүрээний үзэгчдийг ч төдийлөн татаж чадсангүй. Энэ нь Paramount Skydance-тай нэгдэх үйл явцын төгсгөл үед байгаа Warner Bros.-ийн хувьд санхүүгийн томоохон дарамт болж мэдэхээр байна.

Кино дэлгэцнээ гарснаас хойш хоёр долоо хоногийн хугацаанд Хойд Америкт 14.4 сая ам.доллар, дэлхий даяар нийт 35.3 сая ам.долларын орлого олжээ.

Ийм өндөр төсөвтэй киноны хувьд энэ нь маш бага үзүүлэлт бөгөөд нийт алдагдал 245 сая ам.доллар орчимд хүрч болзошгүй гэж салбарынхан үзэж байна.

“Санхүүгийн хувьд сүйрэл гэж үзэхээс өөр аргагүй”

The Ankler-ийн Кристофер Розен:

“Санхүүгийн талаас нь авч үзвэл үүнийг сүйрэл гэж хэлэхээс өөр аргагүй. Киноны төсөв 160-180 сая ам.долларын хооронд байсан бөгөөд энэ нь маркетингийн зардлыг оруулаагүй дүн. Харин бокс оффисоос бараг юу ч олсонгүй”

гэж тайлбарлажээ.

“Digger” шиг томоохон киноны сурталчилгаанд дангаараа 100 сая ам.доллар хүртэл зарцуулах боломжтой байдаг.

Boxoffice Pro-ийн Даниел Лориагийн хэлснээр уг төслийг Warner Bros.-ийн удирдлагаас гарч буй Пэм Абди, Майкл Де Лука нарын үед үйлдвэрлэхээр зөвшөөрсөн байна. Тэд найруулагч, зохиолчдод илүү их бүтээлч эрх чөлөө олгож, оригинал болон шинэлэг кинонд өндөр төсөв гаргадаг бодлогоороо танигдсан юм.

Лориа:

“Заримдаа энэ нь амжилттай болдог, заримдаа болдоггүй”

гэжээ.

Түүний үзэж буйгаар “Digger” нь Америкийн нийгэм, соёлыг гадаадын найруулагчийн өнцгөөс егөөдсөн артхаус шинжтэй бүтээл учраас нийт үзэгчдэд хүрэх нь анхнаасаа хялбар байгаагүй аж.

Тэрээр:

“Энэ кино нийт үзэгчдийг өөртөө татах бүтээл байгаагүй. Миний бодлоор анхнаасаа тийм зорилготой ч байгаагүй.

Кино үзэгчийг тавгүй байдалд оруулах бүх боломжийг ашигладаг.

Америкийн үзэгчид өөрсдийн соёлыг шүүмжилсэн кино, ялангуяа гаднын уран бүтээлчийн хийсэн бүтээлийг амархан хүлээн авдаггүй”

гэж тайлбарласан байна.

Том Крузын нэр хүлээлтийг улам өсгөжээ

“Top Gun: Maverick”-ийн амжилтаар цар тахлын дараах кино театрын зах зээлийг сэргээхэд гол нөлөө үзүүлсэн жүжигчдийн нэг хэмээн үнэлэгдэж байсан Том Круз “Digger”-т тоглосон нь төслийг эхнээс нь онцгой анхааралд оруулжээ.

Rentrak-ийн зах зээлийн шинжээч Пол Дергарабедян:

“Дэлхийн хамгийн том кино оддын нэг энэ киноны сурталчилгаанд хаа сайгүй явсан.

Тэр энэ бүтээлд болон Алехандро Иньярритутай хамтран ажилласандаа үнэхээр их догдолж байсан.

Том Крузын оддын хүчээр энэ кино шууд анхаарлын төвд орсон. Түүний хийж буй бүхэн микроскопоор харж байгаа мэт нарийн ажиглагддаг”

хэмээн хэлжээ.

Гэхдээ Том Крузын нэр хүнд өндөр байх тусам киноны сул орлого улам тод харагдаж байна. “Digger”-ийг олон тэрбум ам.долларын орлого олсон “Mission: Impossible” франчайзтай ижил түвшинд авч үзэх боломжгүй ч үзэгчдийн хүлээлт түүнээс хавьгүй өндөр байсан юм.

Нөгөө талаас “Digger”-ийн бокс оффисын үзүүлэлт нь Иньярритугийн хийдэг киноны хэв шинжтэй тодорхой хэмжээнд нийцэж байна гэж Лориа үзжээ.

Түүний тайлбарласнаар Иньярритугийн бүтээлүүд нийт орлогоос илүү уран сайхны эрэл хайгуул, бүтээлч үнэ цэнийг чухалчилдаг.

Иймээс “Digger”-ийн хамгийн том зөрүү нь киноны мөн чанар болон сурталчилгааны стратеги хоёр хоорондоо тохироогүйд байж болох аж.

Лориа:

“Харамсалтай нь энэ киног нийт үзэгчдэд зориулсан томоохон бүтээл шиг сурталчилсан. Гэтэл уг чанартаа бол артхаус кино”

гэжээ.

Ийнхүү Том Крузын нэр, өндөр төсөв, өргөн сурталчилгаа “Digger”-ийг бокс оффисын том хит болгоно гэсэн хүлээлт үүсгэсэн ч эхний хоёр долоо хоногийн үр дүн эсрэг дүр зураг үзүүлж, Warner Bros.-ийн хувьд маш өндөр өртөгтэй бүтэлгүйтлийн нэг болох эрсдэлтэй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу