АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэрэмжит Trump Mobile гэх шинэ үйлчилгээ болон “T1” нэртэй ухаалаг утас есдүгээр сард хэрэглэгчдийн гарт хүрэхээр болж байна. 499 ам.долларын үнэтэй уг утас нь алтлаг металл хийцтэй, Америкийн тугны зурагтай, дэлгэц дээрээ “Америкийг дахин агуу болгоё” хэмээх уриатайгаар бүтээгджээ.
Trump Mobile-ийн гол онцлог нь “Төлөвлөгөө 47” хэмээх сарын үйлчилгээний багц бөгөөд энэ нь хязгааргүй яриа, зурвас, дата, замын тусламж болон телемедицин үйлчилгээ зэргийг багтаасан. Тус багцын сарын хураамж 47.45 ам.доллар бөгөөд “45” болон “47” гэсэн тоонууд нь Трампын 45 болон 47 дахь Ерөнхийлөгчийн байр суурьтай холбогдох бэлгэдэлтэй юм.
Гэсэн ч энэхүү утас болон үйлчилгээ нь Трамп болон түүний байгууллагаас шууд зохион бүтээж, удирдаж байгаа төсөл биш. Өмнөх бугуйн цаг, пүүз, библи зэрэг бүтээгдэхүүний адил лицензийн гэрээгээр гуравдагч этгээдүүд Trump нэрийг ашиглан үйлдвэрлэл, борлуулалт хийж байгаа бөгөөд Трамп зөвхөн нэрийн ашиглалтын төлбөр авч байна.
2024 онд Трампын гэр бүл зөвхөн лицензийн гэрээнүүдээс 8 сая ам.доллар-оос дээш орлого олсон бөгөөд энэ шинэ төсөл ч брэндийг эдийн засгийн хувьд өргөжүүлэх зорилготой.
Үнийн хувьд “Төлөвлөгөө 47” нь бусад ижил төрлийн үйлчилгээнээс өндөр:
- Verizon’s Visible: Хязгааргүй дата, яриа, зурвастай үйлчилгээ — сарын 25 ам.доллар
- Mint Mobile: 12 сарын гэрээтэй хязгааргүй багц — сарын 30 ам.доллар
Trump Mobile нь АНУ-ын үндэсний сүлжээтэй гурван том операторын хамрах хүрээнд ажиллана гэж тайлбарласан ч, хэрэглэгчийн үйлчилгээний төвийн байршлыг хараахан зарлаагүй байна.