АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сар тойрсон нислэг үйлдэж буй Артемис II багийнхантай дүрст дуудлагаар холбогдох үеэрээ өөрийгөө НАСА-г “хаагдахаас аварсан” гэж мэдэгдсэн байна.
Тус баг дэлхийгээс хамгийн хол зайд хүрсэн хүмүүсийн шинэ дээд амжилтыг тогтоосны дараа ерөнхийлөгчтэй ярилцжээ. Ойролцоогоор 12 минут үргэлжилсэн уг холболтыг НАСА-гийн администратор Жаред Айзекман зохион байгуулсан байна.
Ярилцлагын үеэр Трамп “эхний бүрэн эрхийн хугацаандаа НАСА-г сэргээх эсэх эсвэл хаах эсэх шийдвэр гаргах шаардлагатай болсон” хэмээгээд, “эргэлзэлгүйгээр сэргээхийг сонгосон” гэж онцолжээ.
Гэвч энэ мэдэгдэл олон талын маргаан дагуулж байна. Учир нь тэрээр НАСА-гийн зарим хөтөлбөрт, ялангуяа хүнтэй сансрын нислэгийн чиглэлд санхүүжилт нэмэгдүүлж байсан ч нийт төсвийг бууруулах санал хэд хэдэн удаа гаргаж байв.
Тухайлбал, 2025 онд түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлсний дараа Цагаан ордон НАСА-гийн төсвийг 24 хувиар танаж, 18.8 тэрбум ам.доллар болгох санал дэвшүүлсэн нь сүүлийн арван жилийн хамгийн доод түвшин болохоор байлаа. Шинжээчид үүнийг “устгах хэмжээний” таналт гэж шүүмжилсэн юм. Харин Конгресс хоёр намын дэмжлэгтэйгээр энэ саналыг эсэргүүцэж, 24.4 тэрбум ам.долларын бараг бүтэн санхүүжилтийг баталжээ.
Үүнээс гадна 2027 оны төсвийн төсөлд дахин 23 хувийн таналт тусгасан нь улс төрийн зөрчлийг улам хурцатгасан байна. Ардчилсан намынхан үүнийг “ёс суртахууны хувьд дампуурсан” алхам хэмээн буруутгажээ.
Харин Жаред Айзекман ерөнхийлөгчийн санхүүгийн бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж, НАСА-гийн ажилтнуудад “улс төрийг улс төрчдөд үлдээж, зорилгодоо төвлөрөх”-ийг уриалсан байна.
Мөн Трамп ярианы үеэр Артемис II багийнхныг “дэлхий дахинд урам зориг өгсөн” хэмээн магтаж, АНУ сар дээр байнгын бааз байгуулах, цаашлаад Ангараг гараг руу хүн илгээх зорилтоо үргэлжлүүлнэ гэдгийг онцолжээ. Тэрээр Аполло хөтөлбөрийг дурдан, “50 жилийн дараа Америк эргэн ирж байна” гэж мэдэгдсэн байна.
Ярилцлагын үеэр Канадын сансрын нисгэгч Жереми Хансен АНУ-ын манлайллыг сайшааж, олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон байна. Үүний дараа Трамп Канадын хоккейн домог Уэйн Гретцки болон Канадын Ерөнхий сайд Марк Карнитай хийсэн яриагаа дурдсан ч хэсэгхэн хугацаанд эвгүй нам гүм байдал үүсчээ.
Эцэст нь тэр Артемис II багийнхныг Номхон далайд буух ажиллагаа дууссаны дараа Цагаан ордонд уриад, өөрийн биеэр гарын үсэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин багийн гишүүн Виктор Гловер талархал илэрхийлж, энэ аялал АНУ болон Канадын ард түмний дэмжлэгийн үр дүнд хэрэгжиж байгааг онцолжээ.