Трамп Ираны хамгийн өндөр гүүрийг устгаснаа зарлаж, шинэ сүрдүүлэг илгээв

“Чулуун зэвсгийн үе рүү буцаана” гэсэн мэдэгдлийнхээ дараа шинэ довтолгоог зарлав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг “чулуун зэвсгийн үед нь буцаана” хэмээн сүрдүүлснээсээ хэдхэн цагийн дараа тус улсын хамгийн өндөр гүүрийг устгаснаа мэдэгдлээ.

Тэрээр Тегеран хотоос баруун өмнө зүгт 35 километрийн зайд байрладаг Караж хотын B1 гүүрнээс утаа савсаж буй дүрс бичлэгийг өөрийн сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

Трамп Ираны эрх баригчдад хэлэлцээ хийхийг дахин шаардав

Уг бичлэгийг нийтлэхдээ Трамп таван долоо хоног үргэлжилж буй дайныг дуусгахын тулд Ираны тал яриа хэлэлцээний ширээнд суух ёстой гэж анхааруулжээ. Хэрэв ийм алхам хийхгүй бол ижил төрлийн сүйрэл цаашид ч үргэлжилнэ гэдгийг тэр онцолсон байна.

“Ираны хамгийн том гүүр нурж, дахин хэзээ ч ашиглагдахгүй болж байна. Цаашид ч их зүйл болно. Иран хэтэрхий оройтохоосоо өмнө хэлэлцээ хийх цаг болсон. Үгүй бол цаашид хөгжихөд хэрэгтэй юу ч үлдэхгүй болно” гэж тэр анхааруулан бичжээ.

Ираны телевиз B1 гүүр хоёр удаа онилогдсон гэж мэдээлжээ

Ираны төв телевизийн мэдээлснээр, АНУ болон Израилийн зэвсэгт хүчин уг гүүрэнд өмнө нь хоёр удаа цохилт өгсөн байна.

“Хэдхэн минутын өмнө Америк-Сионист дайснууд Караж хотын B1 гүүрийг дахин ониллоо” гэж тус мэдээнд дурджээ. Мөн эхний цохилтын үеэр энгийн хоёр иргэн амиа алдсан талаар мэдээлсэн байна.

Түүнчлэн эхний цохилтын дараа анхны тусламжийн баг гүүрэн дээр очсон үед дараагийн довтолгоо болсон гэжээ.

B1 гүүр Ойрх Дорнодын хамгийн өндөр байгууламжуудын нэгд тооцогддог

Одоогоор барилгын ажил нь бүрэн дуусаагүй байгаа B1 гүүр нь 136 метр өндөр баганатай бөгөөд Ойрх Дорнодын бүс нутагт хамгийн өндөрт тооцогддог гүүрүүдийн нэг аж.

Ийм хэмжээний дэд бүтцийн байгууламж онилогдсон нь зөвхөн цэргийн бус, бэлгэдлийн том цохилт болсныг ажиглагчид онцолж байна.

Трамп ойрын долоо хоногуудад цохилтоо эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн

Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ард түмэндээ хандан үг хэлэхдээ хоёрдугаар сарын 28-нд эхлүүлсэн дайн төгсгөлдөө тун ойртсон гэж мэдэгдсэн юм.

Тэрээр ирэх хоёроос гурван долоо хоногийн хугацаанд Иранд өгөх цохилтоо улам эрчимжүүлж, тус улсыг цөмийн зэвсэг бүтээх чадваргүй болгосныхоо дараа дайныг дуусгана гэж амласан байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу