Цагаан ордноос хийсэн мэдэгдэл анхаарал татав
АНУ-ын зүүн эргийн цагаар лхагва гарагийн орой Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордноос ард иргэддээ хандан мэдэгдэл хийлээ.
Тэрээр Ойрх Дорнодод өрнөж буй дайныг “ирэх хоёроос гурван долоо хоногийн хугацаанд Иранд маш хүчтэй цохилт өгснийхөө дараа дуусгана” хэмээн амласан байна.
Мөн тэрбээр дайны үндсэн стратегийн зорилтууд бүрэн хэрэгжих хугацаа ойртож буйг онцолжээ.
Ормузын хоолойн асуудлаар дахин байр сууриа илэрхийлэв
Трамп мэдэгдлийнхээ үеэр стратегийн өндөр ач холбогдолтой Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах асуудалд энэ хоолойноос шууд хамааралтай улс орнууд “тэргүүлэх үүрэгтэй” оролцох ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн энэхүү дайн газрын тосны үнийг огцом өсгөж, дэлхийн эдийн засагт сөрөг дарамт үзүүлж эхэлжээ. Трампын засаг захиргаа мөргөлдөөнийг хэрхэн зогсоох гарц хайж байгааг түүний мэдэгдлээс тодорхой харж болохоор байна.
Хэрэв нөхцөл байдал удаан хугацаанд ийм хэвээр үргэлжилбэл арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн дүнд хүртэл нөлөөлж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Иранд өгөх цохилтын талаар юу хэлэв
“Бид Ираныг ирэх хоёроос гурван долоо хоногийн хугацаанд маш хүчтэй цохих болно. Бид тэднийг байх ёстой газарт нь, чулуун зэвсгийн үед нь буцаах болно” гэж Трамп мэдэгджээ.
Түүний хэлснээр Ираны цөмийн болон пуужингийн хөтөлбөр, тэнгисийн болон агаарын зэвсэгт хүчнийг устгах, сулруулах зорилготой “Epic Fury Operation” ажиллагаа дуусах шатандаа орсон байна.
“Эдгээр гол стратегийн зорилтууд биелэх тун дөхөж байгааг өнөөдөр орой хэлэхдээ таатай байна” гэж Трамп мэдэгджээ.
Эрчим хүчний байгууламжуудыг онилох сүрдүүлэг хэвээр байна
Мөн тэрбээр хэрэв Иран хэлэлцээр хийхээс татгалзсаар байвал тус улсын эрчим хүчний байгууламжуудыг устгах тухай өмнөх анхааруулга нь хүчинтэй хэвээр байгааг мэдэгдсэн байна.
“Энэ нь хамгийн хялбар арга зам боловч бид тэдэнд амьд үлдэх, сэргээн босгох бага ч гэсэн боломж олгохын тулд үүнийг алгассаар байлаа. Гэхдээ бид үүнийг хийж чадна” гэж Трамп хэлжээ.
Үүний зэрэгцээ тэр АНУ энэ дайнд “хурдан, шийдэмгий, гайхалтай” ялалт байгуулж байгаа хэмээн онцолсон байна.
Ормузын хоолойн хариуцлагыг бусдад сануулав
Трамп Ормузын хоолойгоор газрын тос хүлээн авдаг улс орнууд өөрсдөө энэ гарцын аюулгүй байдалд илүү идэвхтэй анхаарах ёстой гэж дахин мэдэгдэв.
“Ормузын хоолойгоор газрын тос авдаг дэлхийн улс орнууд энэ гарцаа арчлах ёстой. Тэд үүнийгээ нандигнан хайрлах ёстой. Тэд үүнийг шүүрч авах ёстой. Тэд үүнийг амархан хийж чадна. Бид туслахад бэлэн. Гэхдээ өөрсдийн хамааралтай энэ хоолойд санаа тавихад тэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой” гэж тэр дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал замыг орхих болсон шалтгаанаа тайлбарласан байна.
Тэрчлэн Ормузын хоолойгоор газрын тос авч чадахгүй байгаа орнуудад АНУ-аас худалдан авах, эсвэл “зүгээр л хоолойд очоод шууд ав” гэсэн өмнөх санаагаа дахин давтжээ.
Дайны төгсгөлийн талаар Трампын үнэлгээ
Түүний үзэж байгаагаар Иран хэдийнэ асар их хохирол амссан бөгөөд мөргөлдөөний хамгийн хүнд үе шатыг давсан учраас одоо дуусгавар болгох нь харьцангуй амархан болсон байна.
“Иран үндсэндээ сүйрсэн. Дайны хамгийн хэцүү хэсэг нь дууссан тул одоо амархан болсон. Энэ мөргөлдөөнийг дуусахад хоолой аяндаа нээгдэнэ” гэж тэр хэлсэн байна.