Трампын хүүгийн сүйт бүсгүй асан Кимберли Гилфойл Элчин сайдын суудлаа алдаж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Грект суугаа Элчин сайд Кимберли Гилфойлыг ёс зүйн асуудалтай холбоотой мэдээллүүдийн дараа албан тушаалаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байгаа тухай мэдээлэл гарчээ.

Гилфойл өмнө нь Трампын ууган хүүтэй сүй тавьж, дөрвөн жилийн турш харилцаатай байсан. Харин Элчин сайдаар томилогдохоосоо өмнө хүмүүсийг өндөр албан тушаалтнуудтай уулзуулсны хариуд мөнгө авдаг байсан, дипломат алба хаших хугацаандаа үнэтэй бэлэг хүлээн авсан гэх мэдээлэл сүүлийн үед гарсан байна.

Эдгээр мэдээлэл Трампын засаг захиргааны зарим өндөр албан тушаалтны дургүйцлийг төрүүлсэн гэх бөгөөд Ерөнхийлөгч одоогоор Гилфойлыг ил тод өмгөөлсөн байр суурь илэрхийлээгүй байна.

Трамп асуудлын талаар тайлбар хийв

Трампаас Кимберли Гилфойлтой холбоотой мэдээллийн талаар асуухад:

“Би энэ талаар дөнгөж сая сонслоо. Харамсалтай юм. Юу хэлэхээ ч мэдэхгүй байна. Сая л бага сага юм сонслоо. Сайн мэдэхгүй юм, гэхдээ тэр хэзээний л эелдэг найрсаг хүн” гэжээ.

Трампыг дэмжигч Эрик Детерс мөн Гилфойл өөрөөс нь 100 мянган ам.доллар хүсэж байсан тухай мэдээлсэн байна.

Түүний ярьснаар Гилфойл American Express картынхаа өрийг төлөх шаардлагатай хэмээн мөнгө шилжүүлэхийг хүссэн мессеж илгээж байжээ. Гэвч Детерс хүссэн мөнгийг нь шилжүүлээгүй гэх мэдээлэл байна.

Харин Гилфойлын өмгөөлөгчийн зүгээс дээрх мессежүүдтэй холбоотой мэдээллийг үгүйсгэжээ.

Трампын гэр бүлтэй ойр харилцаагаа хадгалсаар ирсэн

Кимберли Гилфойл Трампын хүүтэй харилцаагаа дуусгасны дараа ч Ерөнхийлөгчийн гэр бүлтэй ойр харилцаатай хэвээр байсан аж. Түүнийг Грект суугаа АНУ-ын Элчин сайдаар томилсон нь хосын харилцаа дууссаны дараах үйл явдал байжээ.

Одоогоор Гилфойлд албан ёсны хариуцлага тооцох эсэх, Элчин сайдын албан тушаалаас чөлөөлөх эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байна.

Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс энэ асуудлын талаар бусдын ярианд үндэслэн хүнийг шууд буруутгахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн ч хэрэв мэдээлэл үнэн бол тухайн хүн хэн байхаас үл хамааран үр дагаврыг нь хүлээх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу