Улаанбаатар хот Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хоттой аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлал, хүний нөөцийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.
Ханой хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Г.Жаргалсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотын Намын хорооны орлогч дарга, Ардын зөвлөлийн дарга хатагтай Фунг Ти Хонг Ха тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр талууд хоёр хотын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны боломж, хот байгуулалт болон нийгэм, эдийн засгийн салбар дахь туршлага солилцох асуудлаар санал солилцсон байна.
Аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын салбарт хамтарна
Г.Жаргалсайхан Улаанбаатар хотыг илүү хөгжингүй, иргэдэд ээлтэй хот болгон төлөвшүүлэхэд Ханой хоттой тодорхой салбаруудад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Тухайлбал, аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээс гадна хүний нөөц бэлтгэх чиглэлээр хоёр тал хамтран ажиллах боломжтойг онцолсон байна.
Хоёр хот 70 жилийн хамтын ажиллагаатай
Ханой хотын Намын хорооны орлогч дарга, Ардын зөвлөлийн дарга Фунг Ти Хонг Ха хоёр хотын олон жилийн харилцаа, хамтын ажиллагааг онцлон тэмдэглэжээ.
Тэрбээр:
“Улаанбаатар, Ханой хотууд өнгөрсөн 70 жилийн хугацаанд олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн.
Манай хоёр хот ялгаатай атлаа ижил төстэй асуудлуудтай. Тухайлбал Ханой хот найман сая гаруй хүн амтай, газар нутаг харьцангуй бага бол Улаанбаатар хот гурван сая орчим хүн амтай, газар нутаг томтой. Иймээс агаарын бохирдол, замын түгжрэл, ногоон байгууламжийн чиглэлээр туршлага солилцож, сайн жишгээ хуваалцахад бэлэн байна” гэлээ.
Агаарын бохирдол, түгжрэл, ногоон байгууламж гол сэдэв болов
Улаанбаатар, Ханой хотууд хүн амын төвлөрөл, хотжилтын эрчим, нийтийн дэд бүтцийн ачаалал зэрэг ижил төстэй сорилтуудтай тулгарч байгаа юм.
Иймээс талууд агаарын бохирдлыг бууруулах, авто замын түгжрэлийг зохицуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцох боломжтой гэж үзжээ.
Хоёр нийслэлийн харилцаа өргөжих төлөвтэй байна
Энэхүү уулзалт нь Улаанбаатар, Ханой хотуудын олон жилийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, хотын хөгжил, эдийн засаг, хүний нөөц, аялал жуулчлалын салбарт илүү бодит хамтын ажиллагаа өрнүүлэх эхлэл болох төлөвтэй байна.