Улаанбаатарт 10 мянган хүний багтаамжтай шинэ спорт цогцолборын бүтээн байгуулалт эхэллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Хүннүгийн гудамжинд баригдах “Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлжээ.

Барилгын ажлыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли болон холбогдох албаныхан оролцсон байна.

Төслийг Монгол, Хятадын Засгийн газар 2018, 2019 онд байгуулсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны томоохон бүтээн байгуулалтын нэг болох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг цогцолбор нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний нөхөрлөлийн бодит илэрхийлэл болохыг онцолжээ.

Мөн шинэ байгууламж ашиглалтад орсноор хүүхэд, залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилтыг сайжруулах, бүх насны иргэдийг биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг тэмдэглэсэн байна.

Өдөрт 6000 орчим хүүхэд, залуус 19 төрлөөр хичээллэнэ

Спорт цогцолборын нийт талбай 58 мянган ам метр байх бөгөөд нэг дор 10 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.

Тус байгууламж ашиглалтад орсноор өдөр бүр 6000 орчим хүүхэд, залуус спортын 19 төрлөөр хичээллэх боломж бүрдэх юм.

Цогцолборт зөвхөн спортын заал, талбай байгуулахаас гадна тоглоомын хэсэг, спортын худалдаа, үйлчилгээний талбай, сургалтын танхим, спортын оношилгоо болон нөхөн сэргээх зориулалттай өрөөнүүдийг төлөвлөсөн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг төслийг дэмжин хэрэгжүүлж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятадын Засгийн газар болон ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли төслийг Хятадын 779 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхийг онцолсон байна.

Тэрээр уг бүтээн байгуулалт нь хоёр улсын төрийн тэргүүн нарын анхаарч буй төсөл бөгөөд Монголын иргэдэд бодит өгөөж өгөх зорилготойг тэмдэглэжээ. Мөн цогцолборыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах нь Монгол, Хятадын уламжлалт найрсаг харилцааг илэрхийлэх чухал үйл явдал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Шэньси констракшн инженеринг групп корпорэйшн” компани ажиллаж байгаа бөгөөд спорт цогцолборыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Шинэ байгууламж ашиглалтад орсноор нийслэлд бүх нийтийн биеийн тамир, мэргэжлийн спорт, хүүхэд залуусын сургалт, тамирчдын бэлтгэл болон нөхөн сэргээх үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх томоохон спортын орчин бүрдэх юм.

Улаанбаатарт 10 мянган хүний багтаамжтай шинэ спорт цогцолборын бүтээн байгуулалт эхэллээ
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу