ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний кино найруулагч Эмир Кустурицатай ярилцсан бичлэг баасан гарагт Кремлийн цахим хуудсанд нийтлэгджээ. Оросын түүх, соёл иргэншлийг голлон хэлэлцсэн уг ярилцлагын үеэр тэрээр Монголын түүхийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.
Хятадын соёл иргэншлийг тайлбарлахдаа Монголыг жишээ татжээ
Кустурица «Оросын соёл иргэншил» гэсэн ойлголтыг хэрхэн тодорхойлохыг асуухад Путин Хятадын олон мянган жилийн түүхийг дурдан, монголчуудын байлдан дагууллын талаар ярьжээ.
Тэрээр “Оросын соёл иргэншил бол аугаа соёл иргэншлүүдийн нэг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Бид бусдыг ч бас мэднэ. Жишээлбэл хэдэн мянган жилийн настай Хятадын соёл иргэншил байна. Бид тэдний түүхээс юу болсныг санах ёстой. Жишээлбэл, Монголчууд Хятадтай тулалдаж, тулалдаж, эцэст нь өөрсдийн Монгол-Хятадын эзэнт гүрнийг байгуулсан. Гэвч хэрхэн дууссан бэ? Эцэстээ хятадууд монголчуудыг уусган шингээсэн” гэж хариулсан байна.
Мөн “Хятадын төр, ард түмэн байлдан дагуулагчдыг зүгээр л уусгачихдаг. Ингээд л тэд ууссан” хэмээн нэмж хэлжээ.
Украины талаар мөн байр сууриа илэрхийлэв
Ярилцлагын үндсэн агуулгад өнөөгийн Орос улсыг Оросын соёл иргэншлийн төв, харин Украин зэрэг хөрш орнуудыг түүний нэг хэсэг гэж үздэг Путиний тайлбар багтсан байна.
Тэрээр “Украины цэргүүдэд би тэднийг бууж өгөх ёстой гэж хэлмээргүй байна. Учир нь энэ жаахан ичгүүртэй сонсогдох байх. Харин би тэдэнд бидний талд ороорой гэж хэлмээр байна. Учир нь бид нэг тал буюу түүхийн зөв тал юм” гэж мэдэгджээ.